Амиа золиослогч захирагчийн аминд хүрчээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүн Йемен улсын Аден хотноо амиа егүүтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа золиослогч Аден хотын захирагчийн цуваа руу халдаж, өөрийгөө золиосложээ. Дэлбэрэлтийн үеэр хотын захирагч Жафар Мухаммед Саад амиа алдсан хэмээн гэрчүүд мэдээлэв.
“Халдлагаар захирагчаас гадна зургаан хүн амиа алдсан” гэж Аден хотын Цагдаагийн газраас уламжлав. Халдлагаас хагас цагийн дараа тус бүлэглэл өөрийн твиттертээ “Үүргээ амжилттай гүйцэтгэсэн дайчиндаа баярлалаа. Аллах чамд амьдрал бэлэглэх болно” гэж жиргэжээ.
Хэт даврагчид өнгөрсөн аравдугаар сараас эхлэн хотын захирагчийн аминд хүрэхээ хэд хэдэн удаа сануулж, нэг бус удаа халдах гэж оролдож байсан юм. Мөн хэт даврагчид аминд нь хүрэхээр төлөвлөж буй 100 гаруй өндөр албан тушаалтны нэрийг твиттертээ нийтэлсэн байна. Уг жагсаалтад Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади багтжээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард эх орноо орхин гарч, Саудын Араб улсад байршиж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ