Биедээ ямааны хөлдүү арьс ороож яваад нас баржээ

img

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги шалган нэвтрүүлэх боомтод янз бүрийн хэрэг гарч байна, биедээ хөлдүү мах ороож хилээр нэвтрэхийг завдсан есөн хүн нас барсан тухай мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар цацагдаж байсан. Тэгвэл Ханги шалган нэвтрүүлэх боомтын үнэн бодит мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас өгч байна.

 

Дээр өгүүлсэн шалтгаанаар есөн хүн нас барсан нь худал мэдээлэл аж. Хангийн боомт нээгдэх үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Алтанхундагаар ахлуулсан хяналтын улсын байцаагч 10, Сайншанд дахь гүний гаалийн газрын дарга Ц.Отгонжаргалаар ахлуулсан гаалийн улсын байцаагч 12, Замын-Үүд дэх ИХШХГ-ын ахлах байцаагч Б.Мандахаар ахлуулсан найман шалгагч тус боомт дээр хилийн хяналт, үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллажээ.

 

Хилийн боомт нээгдэх 14 хоногийн хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 10146 зорчигч, 3867 тээврийн хэрэгсэл улсын хилээр зорчсон байна. Хилийн боомтын бүст 830 орчим тээврийн хэрэгсэлтэй, 3200-3600 орчим иргэд цугларчээ. Өөрийн аймгийн сумдууд болон Улаанбаатар хот Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул, Хөвсгөл аймгуудаас иргэд ирсэн, тэдгээр нь уг боомт дээр байсан 210 орчим гэр буудал, 35 байшинд байрлаж байсан гэнэ.

 

Ханги боомтын гаалийн алба хаагчдыг сүрдүүлжээ

Ханги хилийн боомтыг нээгдэж ажиллах үеэр хилээр зорчиж байгаа иргэдийн тоо нэмэгдэж урьд өмнө ял шийтгэл эдлэж байсан этгээдүүд тус боомт дээр очиж хил хяналтын ажилтнуудыг хэл амаар доромжлох, хууль бус шан харамж өгөхөөр сүрдүүлэх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж дарамтлах, эд зүйл хууль бусаар нэвтрүүлэхээр сүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл гарчээ. Эрүүгийн цагдаагийн газрын болон цагдаагийн газрын даргын шийдвэрээр тус цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганцоожоор ахлуулсан ажлын хэсэг тус боомт дээр өнгөрөгч 11 дүгээр сарын 18-аас энэ сарын 2-ны өдрүүдэд томилогдон ажилласан байна.

 

Үүний үр дүнд:


-Дундговь аймгийн Сайнцагаан сумын долоодугаар багт оршин суух Б.Т гэгч нь 2015.11.21-ний өдөр Ханги хилийн боомтоор 62-46 ДУА дугаартай автомашинд их хэмжээний зэс нууж хилээр хууль бусаар нэвтрүүлж байсан хууль бус үйлдлийг,


-Өмнөговь аймгийн харьяат Г.Б нь 2015.11.25-ны өдөр Ханги хилийн боомтоор 16-85 ӨМӨ улсын дугаартай пургон машинд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа бүтээгдэхүүн болох хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн болон их хэмжээний гууль, зэс зэргийг хууль бусаар нэвтрүүлж байсан үйлдлүүдийг тус тус хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар мөрдөн байцаах албанд шилжүүлжээ.


-Хил хяналтын байгууллагын ажилтан алба хаагч нарыг үл таних этгээдүүд дарамтлаж хууль бус шаардлага тавьж айлган сүрдүүлсэн гэх мэдээллийг баримтжуулан шалгаж дээрх үйлдлийг Дорноговь аймгийн харъяат Г.Ж, А.Ш, Л.М нар нь бүлэглэж үйлдсэн болохыг тогтоож холбогдох шалгалтыг явуулж байна.

 

 

Ханги боомтод есөн хүн нас барсан хэрэг гараагүй


-2015.11.18-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дарханмуумянган хошууны Батхаалга хотод Монгол улсын иргэн Дундговь аймгийн харьяат 47 настай, эрэгтэй Б.Б гэгч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас архаг нойр булчирхайн өвчин сэдэрч нас барсан,


2015.11.25-ны өдөр Ханги хилийн боомтын цогцолбор дотор тус аймгийн Хатанбулаг сумын харьяат 39 настай, эрэгтэй Л.Г гэгч нь биедээ хөлдүү ямааны арьс ороож явж байгаад зүрхний цусан хангамж дутагдсаны улмаас гэнэт нас барсан,


2015.11.28-аас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р багт оршин суух хаягтай 23 настай, эрэгтэй А.Ө гэгч нь 5194 БНХ улсын дугаартай “Istana” маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөнд оролцож яваад Хангийн боомтоос ертөнцийн зүгээр хойд зүгт таван километрт өндөр эрэг дээрээс автомашинтайгаа онхолдож нас барсан зэрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг тус цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг материалжуулан шалгаж байна гэж мэдээллээ.

 

Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Ханги боомт нь өнгөрөгч 11 дүгээр сарын 16-ны өдрөөс нээгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байнгын үйл ажиллагаанд шилжин ажиллаж байгаа билээ.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Загар:
Хаягдал эд зүйлийг манайх өөрсдөө авдаггүй байж хилээр гаргахад хориг тавьдаг байдлаа болих хэрэгтэй. Малын гаралтай түүхий эдийг хүртэл хорьдог байдлаа болих хэрэгтэй. Хятад нь хорьдог бол тэндээ хураалган биз... Аз нь таарсан нэг нь гараад явна биз.
2015-12-08