Өршөөлийн хуулиар 1600 хүмүүжигчийн ялаас хасагджээ

img

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

 

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, тус комиссын дарга Д.Ганбат, хууль батлагдсанаас хойш Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд өндөр зохион байгуулалттай, сайн ажилласан болохыг дурдаад өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох байгууллагууд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа маргааш /2015.12.08/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэлээ.

 

 

 

 

Өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү, Улсын ерөнхий прокурын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн зэрэг комиссын бусад гишүүд товч мэдээлэл хийсэн юм.

 

Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ээр 1343, 5 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 2 жил нь хасагдаж 693, 10 дугаар зүйлийн 10.4-д зааснаар нэмж нэгтгэсэн ялаас нь хассанаар 35 ялтан тус тус хамаарагдаж, нийт 2071 ялтан буюу 31 хувь нь суллагдаж, 1600 ялтан буюу 23.9 хувь нь ялаас нь хасагдаж, үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр тус тус шийдвэрлэгдсэн. Өршөөлийн хуульд хамаарагдан суллагдсан нийт 2071 ялтны 1951 буюу 94.2 хувь нь эрэгтэй, 108 буюу 5.2 хувь нь эмэгтэй, 12 буюу 0.6 хувь нь насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд. Мөн гадаад улсын харьяат 9 ялтан тус хуульд хамаарагдан суллагдсан гэлээ.

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

 

Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ