Г.Ариунбуян: Увс аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан. Улсын нөөцөд зайлшгүй бүрдүүлэх ёстой өвс, тэжээлийн 33 хувийг нөөцөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллэсэн. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд өвс, тэжээлийг сум орон нутагт хэрхэн хүргэх талаар ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуянгаас тодрууллаа.
-Жилд хичнээн тонн, өвс тэжээл бэлтгэх шаардлагатай байдаг юм бэ? Малын тоо толгойгоор авч үздэг үү?
-2001 онд батлагдсан “Мал сүргийг зуднаас хамгаалах үндэсний хөтөлбөр” гэж байдаг. Үүнтэй уялдуулан нэг хонин толгойг 7 хоног тэжээх нөөц бүрдүүлэх ёстой юм. Харин энэ жил нэг хонин толгойг үндсэндээ 3 хоног тэжээх нөөц бүрдүүлээд байгаа гэсэн үг. Нөөцтэй холбоотой асуудал Монгол улсын нууц гэдэг утгаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Тэгэхээр малчид өөрсдөө бэлтгэлээ сайн базаахгүй бол улсын нөөц хүрэлцээ муутай гэсэн үг үү?
-2002, 2010 оны зуднаас малчид сургамж авсан. Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж эртнээс яригдсан учраас малчид хувийн бэлтгэлээ сайн базааж, тодорхой хэмжээгээр өвс тэжээлээ базаасан байгаа байх. Бүрдүүлсэн нөөцийг өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад сэлгэн байршуулах ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд эхлээд аймаг, орон нутаг нь арга хэмжээ авна. Гэвч нөөц бололцоо нь хүрэлцэхгүй тохиолдолд улсын онцгой байдлын байгууллагаас шат дараалласан арга хэмжээг авахаар бэлтгэл хангаж байна. 2015 онд батлагдсан төсвийн хүрээнд бол бид нөөцийг 100 хувь бүрдүүлсэн.
-Малын тэжээлийг гаднаас импортоор авч байгаа юу?
-Хүнс хөдөө аж ахуйн яамнаас манайд зааж өгсөн хуваарийн дагуу 60 гаруй мянган тэжээл авах ажил хийгдэж байна.
-Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд холын аймгуудад өвс, тэжээлийг хэрхэн хүргэх вэ?
-Зам тээврийн сайдын тушаалаар нийт 45 байршилд, 150 гаруй техник, 100 гаруй хүч бүрэлдэхүүн зам давааны нээлттэй байдлыг хангаж, замын цасыг онгойлгох үүрэг гүйцэтгэж байна. Төлөвлөгөөний дагуу 4 мянган албан хаагч, 38 туулалт сайтай тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана. Урьд жилүүдийн туршлагаас харахад нийт 14 сумын 146 даваа, 30 орчим хөндийд өвөлжилт хүндэрдэг юм билээ.
-Их цасан шуурганд зам боогддог. Тэгэхээр тусламжийг шуурхай хүргэхийн тулд нисдэг тэрэг ашиглах боломж бий юу?
-ОБЕГ-т нисдэг тэрэг байдаггүй. Шаардлагатай шуурхай үүрэг гүйцэтгэх болвол Зэвсэгт хүчний Жанжин штабт албан бичиг хүргүүлж нисдэг тэргийг нь ашигладаг. Сум орон нутагт өвөлжилт хүндэрсэн болон ой хээрийн түймэр гарсан тохиолдолд шуурхай үйл ажиллагаа явуулахад нисдэг тэрэг шаардлагатай болдог. Тэгэхээр бидэнд техникийн хувьд тулгамдаж байгаа асуудлын нэг.
-Цаг уурын байгууллагаас ямар мэдээлэл ирүүлж байна вэ?
-Арванхоёрдугаар сарын дундуур өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад их хэмжээгээр цас орно гэсэн мэдээ байгаа. Бид бэлдэх байдлаа хангаж байна. Баянхонгор аймгийн 8 сум, Булган аймгийн 6 сум, Завхан аймгийн 8 сум, Төв аймгийн 1 сум, Увс аймаг бүхэлдээ, Хөвсгөл аймгийн 3 сум, Сүхбаатар аймгийн ихэнх сум, Архангай аймгийн 6, Хэнтий аймгийн 6 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын хүрээлэнгээс бидэнд мэдээллэсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ