Хуулинд харшлаагүй гэнэтийн “бэлэг”

Ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой горилогчид сонгогчдодоо тал засч, найр тавиад эхэллээ. Нийслэл, орон нутгийн хурлын төлөөлөгчид амралтын өдрүүдээр сонгогчидтойгоо ойр ойрхон уулзалт хийж, гишүүд нь тойрогтоо ажиллахдаа сонгогчдын гарыг цайлгахаа умартсангүй. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уулзалтын урилганы буланд “нэгж”-тэй хэмээн сонгогчдоо урин татахыг оролдсон бол гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөлийн ахмадууддаа 10 кг будаа өгөхөөр амлаж, гишүүн Б.Ганбат бал гарч сэвтээгүй шинэхэн бетон тараажээ.
Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид сонгогчдодоо эд зүйл тараах нь хуулиар хориотой. УИХ-ын сонгуулийн хуулинд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Үүнд:
-Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах,
-Биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах;
-Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
-Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг нь хориотой аж.
Тиймээс дээрх эрхмүүдийн сонгогчдодоо сэтгэл гарган тараасан эд зүйл нэг талаас цаг хугацааны хувьд хуулийн ямар нэг заалт зөрчөөгүй. Нөгөө талаасаа сонгуулийн жил эхлэхийн өмнө урьтаж сонгогчдодоо бэлэг тараасан нь төрийн түшээгийн нэр хүнд, хуулийн цоорхойг ашигласан үйлдэл юм.
Харин сонгуулийн жил эхэлсний дараагаар улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн барилга бүтээн байгуулалтын нээлтэд тойргийн түшээд нь очоод тууз хайчлах ажиллагаанд оролцоод байвал гайхах хэрэггүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш болохыг мөн л хуулинд тусгаж өгсөн.
Харин ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авах нь хуулиар хориотой.
Тиймээс ирэх сонгуульд нэр дэвшихээр горилогчид он дуусах 20 гаруй хоногийн хугацаанд сонгогчидтой уулзалт зохион байгуулж, бэлгээ тараах, уралдаан тэмцээн зохион байгуулах, лекц унших эрх нь нээлттэй юм. Энэ боломжийг горилогчид, тэр дундаа эрхэм түшээд тун чадварлаг ашиглах нь лавтай.
Шинэ жилийн цагаан шөнө иргэд сонгогчид ч өвлийн өвөөгийн бус тойргийнхоо түшээдийн гэнэтийн бэлэгт дарагдаж мэдэх нь.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ