“УИХ Үндсэн хуулийн ямар ч заалтыг зөрчөөгүй”

img

 

УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаан үргэлжилж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Өмчлөгчийн өмчийн эрхэнд хөндлөнгөөс яагаад халдаад байгааг ойлгохгүй байна. Газраа банкинд тавиад гэрээ байгууллаа гэхэд өмчийн эзэн давуу эрхтэй биз дээ. Зээлж байгаа гэдэг нь түр хадгалуулж байгаа гэсэн үг. Шүүхэд хандана гэсэн зүйл энэ хуулинд байгаа юу?

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-2009 оны Үл хөдлөх барьцааны хуулиар барьцаалагч болон барьцаалуулагч талууд гэрээнээс үүдэлтэй зөрчил гарсан тохиолдолд шүүхэд хандах нь нээлттэй байгаа. Харин нэмэлт өөрчлөлтөөр үл  маргах журмаар үүргийн гүйцэтгэл хангуулах заалт хийж өгсөн. Ингэхдээ заавал нотиаратиар батлуулж, шүүх хянаж албандан дуудлага худалдаанд оруулж болно гэсэн. Харамсалтай нь ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Газрыг Монгол Улсын иргэн, Монголын төр өмчлөх эрхтэй. Түүнээс бус өөр суббъектад  өмчлүүлэхгүй. Иргэдийг өмчинд оруулвал амьд өмч байх ёстой. ҮХЦ-ийн  дүгнэлтийг ойлгохгүй байгаа.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Нотиаратиар гэрчлүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ гаргажээ. Тэгэхээр нотиаратиар гэрчлүүлэхээ больчихвол Үндсэн хууль зөрчихгүй юу?

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-2009 оны хуулиар талууд хүсвэл нотиаратиар гэрчлүүлж болно гэсэн. Харин нэмэлт өөрчлөлтөөр заавал нотиаратиар гэрчлүүлэхээр байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Найман хувийн ипотекийн зээл зогсохгүй юм байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Үүнийг өчигдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр анх хуучин зээлийн хэмжээнд орох нь гэж жиргэсэн. Үүнийг АН хэлэлцэх биз. Энэ газрын харилцаан дээр төрийн өмчийн газар хамрагдах уу?

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

-Аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага газрыг булааж авах гэж байна гэсэн буруу ойлголт байна. Төрийн өмчийн газрыг холбогдох байгууллагад мэдэгдэж байж барьцаална.

 

 УИХ-ын дарга З.Энхболд:

-Төрийн ордны зүүн талын газар 24 тэрбум төгрөг хүрч байна. Гэтэл иргэн хүн өмчилсөн газрынхаа гэрчилгээг хараад сууж болохгүй гэсэн юм.

 

Ийнхүү байнгын хорооны  ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлтээр  санал хураалт  явууллаа.  Хуралдаан оролцсон гишүүдийн олонх нь ҮХЦ-ийг хүлээж авахыг дэмжээгүй юм. УИХ-ын дарга “УИХ Үндсэн хуулийн ямар ч заалтыг зөрчөөгүй гэж үзэж ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй” хэмээв.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ ардчилсан нам гэгч яасан ч шуналтай бирдүүдээр дүүрсэн байгууллага вэ
2015-12-10