Минскийн гэрээг армийнхан зөрчжээ

Бүгд найрамдах Донецк улсын тэргүүн Александр Захарченко өчигдөр “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2” гэрээ зөрчигдсөн талаар мэдэгджээ. Тэрбээр “Бид энэхүү гэрээг зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Украины армийнхан гал нээж, олон хүнийг гэмтээсэн. Бидний судалгаагаар армийнхан 24 цагт 10 дээшгүй удаа гал нээж, тосгодын иргэдийг заналхийлж байна. Тэнэсэн суманд 12 хүн оногдож, эмнэлгийн тусламж авсан. Петр Порошенкто тэргүүтэй Киевийн удирдлагууд “Минск 2” гэрээг үл тоон, гал нээх тушаал буулгаж эхэллээ. Энэ асуудалд Герман, ОХУ-ын удирдлагууд анхаарлаа хандуулахыг хүсье” гэж хэлжээ.
Ирэх долоо хоногт “Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нар “Минск”-ийн гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэхээр болсон хэмээн “TASS” агентлаг уламжлав.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Германы санаачлагаар “Нормандын дөрвөл” Минск хотноо уулзаж, “Минск”-ийн гэрээг шинэчлэн байгуулсан билээ. Тус гэрээг байгуулаад 24 цагийн дараа “Украины армийнхан сөргөлдөөний бүсэд 33 удаа гал нээсэн” хэмээн Оросын талаас мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг Захарченко баталсан юм.
Порошенко дээрх мэдэгдлийг эрс үгүйсгэж, “Салан тусгаарлагчид эх орныг минь түйвээж байна. Бид бол жинхэнэ хохирогчид” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ