Интернэтэд донтсон хүүхдийн тоо 40 дахин нэмэгджээ

img

 

-Зах хязгааргүй ертөнцөд хил хязгаар хэрэгтэй-

 

-Хүү хаачсан юм бэ?

-Хичээлдээ явсан.

 

-Ийм орой хичээл нь тараагүй байгаа юм уу?

 

-Уг нь тарах цаг нь болчихсон байна. Гэхдээ ирээгүй байх юм...

 

Энэ бол хичээлдээ явсан хүүгээ хүлээж суугаа аав, ээж хоёрын яриа. Монголын нийтлэг л дүр төрх. Өглөө хичээлдээ явсан хүү нь үдэш болтол гэртээ ирэлгүй хаагуур яваа бол. Энэ асуултын хариултыг хайж манай сурвалжлагч 96 дугаар дунд сургуулийг зорилоо. III хороололд байрлах уг сургуулийн ойролцоохь нэгэн байрны хонгилын давхарт “Интернэт кафе” гэсэн хаяг өлгөөтэй байх юм. Дотогш орвол 30 орчим компьютертэй бөгөөд бүгд “эзэн”-тэй ажээ. Цаг хэдийнэ 20.00 цаг өнгөрсөн боловч тэнд суугаа дунд сургуулийн сурагчид харих гэж яарахгүй байгаа бололтой. Нөгөө хүү ч интернэт сүлжээгээр тоглосоор...

 

“Наадах чинь биш ш дээ. Өө чи ёстой юу ч чаддаггүй суга юм аа” гэх өгүүлбэр энд хамгийн соёлтойд тооцогдоно. Бага насны хүүхдүүд боловч зөвхөн хараалын үгээр л хоорондоо харилцах юм. Үгсийн сан нь хараалаас өөр үггүй мэт ярих энэ хөвгүүд 10-15 насныхан. Тэд хоёр баг болон хуваагдаж цахим ертөнцөд “дайтаж” буй нь энэ. Гэнэт нэг хүү “Үү үү! Гоё. Барьсан бол барьсан. Мөнгөө өгцгөө сугануудаа” гэж хашгирлаа. Нэг баг нь ялсан бололтой. Сонирхвол, тэд хүний 5000 төгрөгөөр бооцоо тавьж тоглоод хожжээ. Хожигдсон баг маргааш нь даагаа нэхэхээр тохиров...

 

Аав, ээж нь гэртээ хүлээж суугаа хүү ингэж явдаг ажээ. Өнөөдөртөө бол эндээс гараад гэртээ харих л байх. Харин маргааш яах бол. Яагаад энэ асуултыг тавив гэхээр интернэт тоглоомонд донтсон хүүхдүүдийн цөөнгүй хувь нь эцэстээ мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөн болж хувирдаг юм байна. Тиймээс бидний очсон дараагийн газар “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв” буюу Шар хадны эмнэлэг.

 

Манай улсад 2004 онд анх компьютерт донтсон хүүхэд “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байсан юм байна. Одоогоос 11 жилийн өмнө анхны тохиолдол бүртгэгдэж жилдээ 1-2 хүүхэд л эмчлүүлдэг байсан бол өдгөө сард 2-3 хүүхэд интернэтийн хэт донтолттой болж энэ төвд хүргэгдэх болжээ. Тус төвийн Хүүхэд, өсвөр насны сэтгэцийн эмгэг судлалын наймдугаар клиникийн эрхлэгч Д.Энхтуяа хэлэхдээ “Интернэт тоглоомын хор уршгийн талаар сайтар мэдээлэх хэрэгтэй байна. Манай төвд өнгөрсөн жил интернэтээр тоглоом тоглосоор донтсон 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бол энэ жил 40 орчим хүүхэд эмчлүүлж байна. Энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа тоо. Үүний цаана хэдэн хүн интернэтийн хэт их хэрэглээнээс болж донтсоныг хэлэхэд бэрх юм. Хүүхдүүдтэй ярилцахад найзууд нь ч мөн тоглоомын хараат болсон нь илт байдаг” гэлээ.  Өөрөөр хэлбэл, 2004 онтой харьцуулахад интернэтэд донтсон хүүхдийн тоо 40 дахин нэмэгдсэн гэсэн үг.

 

Өрх бүр шахам гэртээ интернэттэй болсноор шөнөжин интернэт ухаж суудаг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн гэдгийг Д.Энхтуяа эмч хэлж байв. Харилцаа холбооны зохицуулах хорооноос явуулсан судалгаагаар интернэтээр тоглоом тоглож буй хүүхдүүдийн 51 хувь нь гэртээ тоглодог байна. Өөрөөр хэлбэл, тэд интернэт сүлжээ ашиглан хоорондоо тоглосоор эцэстээ сэтгэцийн эмгэг тусдаг гэсэн үг. Сэтгэцийн хараат байдалд орсон хүүхэд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийх гэх мэтчилэнгээр зан төрх нь өөрчлөгддөг юм байна. Мөн донтолтод орсон хүмүүст улигт үйлдэл илэрдэг гэдгийг Д.Энхтуяа эмч хэллээ. Үүнийг өөрөөр хөнгөн гуниг гэж тодорхойлдог аж. Юу гэхээр хүн ямар нэгэн стресст орохоороо, эсвэл хийх юмаа олж ядсан үедээ интернэтээр тоглож байж л тайвширдаг аж. “Уйдаад фейсбүүк орно, удахгүй уйдаад гарна, гэвч эргээд фейсбүүк орно” гэсэн зурган постыг та фейсбүүкээс хэдэнтээ харсан байх. Ийм хүмүүс ч олон бий. Тэгвэл энэ нь фейсбүүкт донтож буйг илтгэх улигт үйлдэл юм байна. Үүнийг мэргэжлийнхэн хэт их хэрэглээ гэж үзээд бие хүмүүс өөрсдөө хэрэглээгээ хянаж, зохицуулахыг зөвлөдөг байна.

 

Бага насны хүүхдэд нөлөөлж буй интернэтийг сөрөг үр дагавар цөөнгүй гэдгийг Д.Энхтуяа эмч хэлж байв. Жишээ нь, интернэтэд донтсон хүүхэд 150 цаг хичээлээ тасалж, 3-4 хоног гэрээсээ дайжих явдал цөөнгүй гарсан байна. Энэ талаар Д.Энхтуяа эмч “Интернэтийн давуу талуудыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сул талыг нь ч мартаж болохгүй юм. Зохистой биш, хэт их хэрэглээ өөрөө донтолтыг бий болгодог. Тэр тусмаа өөрийн үйлдлийн зөв бурууг шүүн тунгааж, үнэлэлт өгч хараахан дадаагүй бага ангийн хүүхдүүд сэтгэцийн эмгэг тусч буй шалтгаан нь хэт их хэрэглээ. Дээр нь эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас болж байгаа. Гэр бүл, багшийн хараа хяналт сайн байвал хүүхдүүд ямарваа нэг зүйлд донтохгүй. Ялангуяа бага насны хүүхдэд гэр бүлийнхэн нь маш их анхаарал тавих ёстой. Тэд одоохондоо юу болно, юу болохгүй гэдгийг ойлгохгүй. Сайн төлөвшөөгүй учраас тэр. Сүүлийн үеийн тоглоомын зураглал, өнгө дүрс сайжирсан учраас тэрэнд нь татагдаад байгаа юм. Тэгэхээр хараа хяналтыг эцэг эх нь тавих  ёстой. Бага насанд нь л хүүхдийн суурь төлөвшил, хэм хэмжээг сайтар ойлгуулах юм бол цаашдаа биеэ даачихдаг. Дунд ангид бол багш, эцэг эх гэсэн хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Хараад байхад эцэг, эх нь багшид даатгаад, багш нь эцэг, эхэд даатгаад байна. Үүний дунд хүүхдүүд хараа хяналтгүй болчихоод байна шүү дээ” гэсэн юм.

 

Тэгээд интернэтийг хаах ёстой юу? Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулга “Интернэт гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн агуу гайхамшиг шүү дээ. Маш их боломжийг олгосон. Тиймээс хааж боох талаар ярих нь зохисгүй. Сөрөг нөлөө мэдээж байгаа, гэхдээ ач тус нь хавьгүй илүү учраас хэтэрхий эмзэг хүлээж авах хэрэггүй болов уу. Энэ санаагаа би галтай зүйрлэж тайлбарлая. Гал бол алдах юм бол бүхнийг түймэрддэг аюултай гамшиг. Гэхдээ түймэр тавих вий гээд гал гаргахыг хорьдоггүй. Хүн олон мянган жилийн өмнөөс галын тусламжтайгаар унд хоолоо болгож идсэн, хөгжлийн үүд яг энд нээгдсэн гэдэг шүү дээ. Интернэт ч адилхан” хэмээн өгүүлсэн юм. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн хүн бүрийн амьдралд ус, агаарын нэгэн адил хэрэглээ болчихсон интернэтийг хаана гэвэл юу болохыг төсөөлөөд үзээрэй. Харин өөр гарц л хайх хэрэгтэй болж байна. Тэр нь магадгүй зохистой хэрэглээ байх биз ээ.

 

Одоо энэ талын зарим санааг дэвшүүлье.  Жишээ нь, интернэтийг устай зүйрлэе. Хүн усгүй амьдарч чадахгүй шиг, өнөөдөр интернэтгүйгээр ажил төрлөө явуулах бололцоогүй болчихоод байна. Тиймээс энэ хоёрыг харьцуулж үзье. Саяхныг хүртэл крантаар үнэгүй гоожиж байсан усыг тоолууртай болгосноор өнөөдөр бодит үр дүн, хэмнэлтүүд гарч ирсэн. Ядаж л шүдээ угаахдаа стакан хэрэглэдэг айлын тоо асар их нэмэгдсэн. Үүн шиг интернэтийн хэрэглээнд бас хязгаар тогтооё, тоолуур тавья. Хөгжлийнхөө замаар аливаа улс оронд интернэтийн өндөр хэрэглээний асуудал үүсэх үед интернэтийн төлбөрөө нэмэх эсвэл хэрэглээндээ тааруулан интернэтээ худалдан авах гэсэн хоёрхон гарцтай нүүр тулдаг юм байна. Иймд бид интернэтийн зөв зохистой хэрэглээнд суралцах цаг иржээ. Тэр нь интернэтийг устай адил тоолууржуулъя. Өөрөөр хэлбэл, интернэтийн зөвхөн хурдыг нь худалдаж авах бус хэмжээгээр нь авдаг болбол зохистой хэрэглээнд шилжиж болохоор байна. Гар утсаараа хүмүүс интернэтэд орохдоо дата багц худалдаж авч, түүндээ тааруулж интернэт хэрэглэдэг. Түүн шиг өрхийн интернэтэд хэрэглээний хязгаар зааж өгвөл хэт их хэрэглээг хумих бололцоо байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэгж байж интернэтийн хэт их хэрэглээг хязгаарлах бололцоотой. Хүн хэрэглэж байгаа хурдандаа бус хэмжээндээ тааруулж мөнгөө төлдөг болгоё. Тэгэхгүй бол интернэтэд донтох хүүхдийн тоо улам ихээр нэмэгдсээр л байх болно.   Таван жилийн өмнө л нэг өрхөд нэг ухаалаг гар утас, нэг notebook-тэй хэрэглэгч байсан бол өнөөдөр notebook, tablet, өрхийн гишүүн бүрийн тоогоор ухаалаг утас гээд төрөл бүрийн төхөөрөмжөөр интернэтэд холбогдох болсон. Үүнээс болж хэт хэрэглээ нэмэгдэж, таны нялх хүү, бяцхан охин хүртэл гар утас булаацалдаж, интернэтэд холбогдох гэж уйлж байна. Иймээс зохистой хэрэглээнд шилжих цаг болжээ. Тоо баримтаас харахад олон улсын интернэт хэрэглэгчдийн хэрэглээний өсөлт сар бүр 20-25 хувь байдаг юм байна. Гэтэл  Монгол Улсын хувьд интернэт хэрэглэгчдийн хэрэглээний өсөлт сар бүр хоёр дахин өсч байна. Гурван сая иргэнтэй Монгол Улсын интернэт хэрэглэгчийн тоо 2121000 болжээ.  Эдний хэд нь интернэтийг зохистой хэмжээнд нь хэрэглэдэг бол?

 

 

Л.Гантулга: Интернэтийн хэт хэрэглээ Монголын төдийгүй дэлхийн тулгамдсан асуудал болсон

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулгатай ярилцлаа.

 

-Монгол Улс интернэтэд холбогдсоны 20 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд  төрөөс интернэтийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж тодорхой амжилтад хүрсэн. Тиймээс эхлээд интернэт хэрэглээний талаар ерөнхий ойлголтыг өгөхгүй юү. Монголд интернэт хэрэглэгч хүний тоо хэд болсон бэ?

 

-Хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээр бол дэлхийн дунджаас дээгүүрт орно. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо 2.1 саяд хүрсэн гэсэн статистик гарсан. Үүний 1.8 сая нь хөдөлгөөнт буюу 3G, 2.5G, GPRS гэсэн технологиор интернэтийг хүлээн авч байна. Үлдсэн 300 мянга гаруй хэрэглэгч суурин буюу шилэн кабелийн интернэтэд холбогдсон. Суурин хэрэглэгчдийн өсөлтийн хурдац нэг үеэ бодвол саарсан ч жил бүр тогтмол нэмэгдэж байгаа. Сарын нийт хэрэглээ нь дунджаар 60 гаруй гигабайт гэсэн тооцоо байдаг.  

 

-Интернэт хэрэглээг зохицуулах талаар яг ямар ажлууд хийж байна вэ?

 

-Мэдээ мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Улаанбаатар хотын цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид болон Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ХЗЯ, БСШУЯ, нийслэл, орон нутгийн ЕБС-иудын нийгмийн ажилтнуудыг хамруулж, интернэтийн хэт их хэрэглээний хор холбогдлыг ухуулан таниулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Ирэх жилийн төлөвлөгөөнд ч орсон. Үүнд зөвхөн хүүхдэд биш, гэр бүл эцэг эхчүүдэд хандсан ажлууд бий. Өөрөөр хэлбэл, “Таны хүү, охин, олон нийтийн сүлжээнд орж болно оо. Гэхдээ тэнд орсон хойноо бусдын зүгээс үзүүлэх нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх чадвартай байна уу, үгүй юү” гэдэг асуудлыг тавьж байна. Интернэт орчинд хүүхдийг айлгах ичээх, заналхийлэх гээд олон юм байгаа шүү дээ. Тиймээс сургалтууд зохион байгуулдаг. Хамгийн сүүлд гэхэд л “Зүй бус контентын талаар Фейсбүүкт хэрхэн мэдэгдэх вэ” гэсэн сэдвээр сургалт явууллаа. Олон нийтийн сүлжээнд бусдыг гэмт хэрэгт уриалсан, садар самууныг сурталчилсан гэх мэт хуулиар хориглосон агуулгатай контент ихээр тавигддаг. Тэгвэл эдгээр контентуудыг Фейсбүүкт мэдэгдэх аргыг заасан. Функц нь байдаг, манайхан ашиглаж мэддэггүй. Тиймээс энэ функцын талаар ойлголт өгөх, тайлбарыг нь монгол хэл дээр болгох зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Интернэт тоглоомын зориулалт, насны ангиллын асуудлыг бас хөндөж байгаа. Тоглоом нь анхнаасаа тодорхой насныханд зориулан бүтээгдсэн байдаг.  Гэтэл манайд үүнийг тоодоггүй. Насанд хүрэгчдэд зориулсан тоглоомоор бага насны хүүхдүүд тоглоод л сууж байдаг. Энэ байдлыг цэгцлэх ёстой. Интернэтэд юу болох, юу болохгүй вэ гэх мэт хэрэглэгч хүнд зайлгүй шаардлагатай мэдээллийг багтаасан cybersafety.mn цахим хуудсыг нээсэн. Энэ хаягаар зорчиж мэдээлэл аваарай гэж хэлье. Ер нь бол интернэтийн зохистой хэрэглээ гэдэг асуудлыг ганц байгууллага, хэсэг бүлэг хүн биш, нийтээрээ ярих ёстой болчихоод байна.

 

-Интернэтийн зохистой хэрэглээний талаар сүүлийн үед ярих боллоо. Бага насны хүүхдээс эхлээд УИХ-ын гишүүн нь хүртэл чуулганы танхимд үе давдаг тоглоом тоглож байна. Төрийн албан хаагчид нь нийгмийн сүлжээгээр “тэнээд л”. Бас интернэтэд донтсон иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?

 

-Зохистой хэрэглээнд их олон ойлголт багтана л даа. Та ч гэсэн нэлээд өргөн хүрээг хамруулж асуулаа. Таны хэлсэн шиг, төрийн албан хаагч ажлын цагаар тоглоом тоглоод суух нь мэдээж буруу. Ажлын цагаар ажлаа л хийх ёстой. Үүнийг тухайн байгууллага дотоод журмаараа шийдэх боломжтой. Энэ бол ёс зүйн асуудал. Нөгөө талдаа зохистой хэрэглээ гэдэгт донтолтын асуудал хамаарч байгаа. Нэгдүгээрт, интернэтийг хэрэглэх үү, үгүй юү гэдэг нь тухайн хувь хүний сонголтын асуудал юм. Онлайн орчинд удаан хугацаагаар байх, үүнээс болоод эрүүл мэнд нь муудах, сэтгэцэд өөрчлөлт орох, нийгэмд яаж нөлөөлж байна гэх мэт. Интернэтийн хэт хэрэглээ болон донтолтын эсрэг гадаадын зарим улсад ухаалаг гаргалгаануудыг дэвшүүлээд байгаа. Үүнд, Японд сүүлийн гурван хоногийн хэрэглээ нь гурван гигагаас их байх юм бол тухайн хэрэглэгчийн интернэтийн хурдыг автоматаар бууруулдаг. ХХЗХ бага насны хүүхдүүдэд зохистой хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байна. Том хүн бол өөрийгөө хянана, хүүхэд чадахгүй шүү дээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага гэж байдаг. Монгол Улс энэ байгууллагын албан ёсны гишүүн. Энэ байгууллагаас гишүүн орнууддаа хандаж уриалга гаргасан. “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар санал, санаачилгатай ажиллаач ээ” гэж. Өөрөөр хэлбэл, ганц Монголд биш, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал гэж болно. ХХЗХ уриалгын дагуу идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн манай байгууллага дангаараа зүтгэх биш, Хүүхдийн төлөө үндэсний газар, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч байгаа. ТББ-уудаас ч хамтарч ажиллая гэсэн санал ирсээр байна.

 

 

Х.БАТСАЙХАН  Б.БАДАМГАРАВ

эх сурвалж:

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ