Эд мөрийн баримтаар 380 сая төгрөг хураажээ

Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах салбараас 380 орчим сая төгрөгийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмдсэн тухай мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, 24 цагийн дотор дээрмийн хэргийн сэжигтнүүдийг илрүүлэн баривчиллаа. Гэмт хэргийн дуудлага өчигдөр 09:58 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, ажилласан. Сэжигтэн этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй 1992, 1985 онд төрсөн ах дүү нар болох Б, Э нар байсан. Эд мөрийн баримтаар 380 орчим сая төгрөгийг хураан аваад байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү мэдээллээ. Сэжигтнүүдийн нэгийг өчигдөр орой, нэгийг өнөөдөр өглөө барьсан байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ