Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт 63 хувьтай байна гэв

Зам тээврийн яамны шуурхай хуралдаан болж хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг энэ үеэр онцлон ярьсан бөгөөд олон улсын онгоцны буудлын ажлыг түргэвчлэх асуудлаар Японы талтай хийсэн уулзалтын талаар тодруулах, Аглагийн хийд хүртэлх замын ажилд анхаарал хандуулахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.
Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн ажиллаж, ажлын явц 68.3 хувьтай байгаа аж. Одоогоор 80 орчим мянган ам.долларын санхүүжилтийн хоцрогдолтой байгаа. Ажиллаж байгаа техник хэрэгслүүд түр горимоор ажилладаг бөгөөд нэг жилийн хугацаа нь дууссан гэдгээр ГЕГ-аас техникүүдээ гарга, эсвэл торгууль төл гэдэг шаардлага тавьсан гэдгийг албаны хүмүүс салбарын сайддаа уламжилжээ.
Тиймээс Засгийн газар болон Гаалийн ерөнхий газарт асуудлыг яаралтай тавьж хэлэлцүүлэх, Нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил сунжирч болохгүй. Бид хугацаанд нь барьж хүлээлгэж өгөх ёстой хэмээн М.Зоригт сайд үүрэг болгосон байна. Мөн ойрын үед зам даваа цас ихтэй, хальтиргаа гулгаатай байгаа учраас замын компаниудын мөнгө, ажилчдынх нь цалинг цаг тухайд нь олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг автобусаар зорчих боломжийг хангах үүднээс эхний хоёр эгнээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах, автобусны жолооч нар хүндэтгэлтэй хандах гэх мэт олон шийдвэрийг гаргажээ.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ