УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ

Улс төрийн 21 намын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлж буйгаа дуулгав. Тэд өмнө нь Сонгуулийн хуулийг нэн даруй УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн ч албан ёсны хариулт ирүүлээгүй аж. Тиймээс УИХ-ын даргад ээлжит шаардлагаа таван үндэслэлтэйгээр хүргүүлж байна. Шаардлагын хариуг энэ сарын 18-ны дотор авна гэжээ.
Харин хариу өгөхгүй бол намууд Монгол улс 21 аймаг, сум, дүүргүүдэд Үндэсний хэмжээний тэмцлийг өрнүүлж, Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардсан үндэсний хэмжээний том фронт байгуулна гэдгээ мэдэгдэв.
Намуудын шаардлагад:
Нэгдүгээрт: Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад Улс төрийн намуудын зөвшилцөлийг хангах гэснийг хэрэгжүүлэх, Улс төрийн намуудын зөвшилцсөн автоматжуулсан системийг хэрэглэхгүй байх. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд давхар гар тооллого хийж камерийн бичлэгээр баталгаажуулахаар тогтсон тул уг шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэх
Хоёрдугаарт: АНУ-ын "Доминион Войтинг системс" компани "Microsoft" компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг, хар машины програмыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн сонгуулийн ерөнхий хорооны байр суурь нь "Монголын сонгуулийн үр дүн АНУ-ын нэг компанийн мэдэлд байж, ард түмний сонголтыг яаж ч засч, өөрчилж болох юм" гэсэн эргэлзээг төрүүлж байгаа учир тус компаниудаас програмыг хянах сорс кодыг авч улс төрийн намуудад өгч, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх,
Гуравдугаарт: Сонгуулийн автоматжуулсан систем /хар машин/-ны зардалд 16 тэрбум төгрөгийн үрэлгэн зардал гаргаж байгааг таслан зогсоож, харин энэ их мөнгөөр 16 цэцэрлэг барих буюу хотын төвийн 6 дүүрэгт тус бүр 2 цэцэрлэг, хотоос алслагдсан дүүрэг тус бүрт нэг цэцэрлэг, Дархан Эрдэнэт зэрэг хотуудад тус бүр нэг цэцэрлэг барих зэргээр нийгэмд үр ашигтай зарцуулах,
Дөрөвдүгээрт: АН-ын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулж болох тухай хэвлэл мэдээллээр иргэдэд хүргэж эхэлсэн байна. УИХ-ын ээлжит сонгуулийн ээлжит хугацааг хойшлуулах нь Үндсэн хуулийг зөрчих тул хэрхэвч ийм үйлдэл гаргаж болохгүй бөгөөд энэхүү бусармаг санаачилгаа таслан зогсоож, олон нийтэд ээлжит сонгуулийг хугацаанд нь явуулах байр сууриа нэг мөр илэрхийлэх,
Тавдугаарт: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай улс төрийн намуудын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл нь нийгмийн бухимдал болсон сонгуулийн луйвар, эргэлзээг арилгаж байгааг олон нийт дэмжиж "Нааштай найман өөрчлөлт" хэмээн дүгнэж байгаа учир энэхүү хуулийн төслийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлж батлахыг туус тус шаардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ