Хүний хөгжлийн түвшин өндөр ч хөдөлмөр эрхлэлт дорой байна

НҮБ-аас гаргасан Дэлхийн 2015 оны Хүний хөгжлийн илтгэлийг өнөөдөр дэлхий даяар нэгэн цагт танилцууллаа. Энэ тухай өчигдөр Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд мэдээлэв.
Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжлийн илтгэлийн асуудал эрхэлсэн газраас эрхлэн жил бүр гаргадаг. Энэхүү илтгэл гарч эхэлсний 25 жилийн ой энэ онд тохиож байна. Харин Монгол Улс 1997 оноос хойш таван удаа илтгэл гаргажээ. 2015 оны зургаа дахь илтгэл “Залгамж үеийнхээ төлөө: Монгол Улсын хөгжил дэх залуучуудын оролцоо” сэдвээр бичигдэж буй аж.
Дэлхийн Хүний хөгжлийн илтгэл энэ онд “Хүний хөгжлийн төлөө ажил хөдөлмөр” сэдвээр бичигджээ. Ингэхдээ зөвхөн ажлын байр гэлтгүй ажил хөдөлмөр бүхэлдээ хүний хөгжилтэй хэрхэн уялдаж байгаага нягталж үзжээ. Мөн хувьсан өөрчлөгдөж буй ажил хөдөлмөрийн ертөнцийн үр дагавар, учир холбогдлыг задлан шинжилсэн. Цалин хөлстэй хөдөлмөргүй ажил хөдөлмөр дэх жендерийн тэгш бус байдлыг судалсан байна. Ийм ажил хөдөлмөр нь эдийн засгийн төдийгүй хүний аж амьдралын чанарыг сайжруулдаг болгоход сорилтуудыг боломжид хэрхэн хувиргахыг ч тооцоолсон байна.
Монгол Улсын хувьд хүний хөгжлийн индекс 2014 онд тоон утга нь 0.727-д хүрч, дэлхийн 188 улсаас 90 дүгээрт эрэмбэлэгджээ. Хятад, Фижи улсын дараа Тайландын өмнө жагссан байна. 2013 онд 187 орноос 95 дугаарт бичигдэж байсан билээ.
Хүний хөгжлийн түвшингээр манай улс дунд зэргийнхээс өндөр гэсэн ангилалд шилжжээ. Энэ түвшинд дэлхийн улс орнуудыг маш өндөр, өндөр, дунд зэрэг доогуур гэж ангилдаг байна.
Хэдийгээр манай улс хүний хөгжлийн индексээр дээгүүр байгаа боловч эмзэг ажил эрхлэлт буюу байгаль цаг уур, эдийн засгийн хямралаас шууд хамааралтай ажил хөдөлмөрийг 51 хувь эрхэлж байгаа нь өндөр үзүүлэлт. Ажилгүйдлийн түвшин 7.9 хувь байгаа нь мөн адил. НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман “Энэ нь хүний хөгжлөөр өндөр орны тоонд орж байгаа ч хөдөлмөр эрхлэлтийг бодлогын түвшинд авч үзэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай орон. Энэ хэмжээгээрээ уул уурхайн орлогын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг бий болгоход чиглэхгүй бол уул уурхайн орлого нь жирийн иргэддээ хүрэхгүй байна гэдэг хандлага статистик тоо баримтаас харагдаж байгаа юм. Ялангуяа улирлын чанартай ажлууд, хөдөө аж ахуйн салбарынхан, малчид зэрэг эмзэг хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоог бууруулж тогтвортой ажлын байраар хангахад анхаарах хэрэгтэй” гэж онцолсон.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, иргэдийг тогтвортой ажлын байраар хангах замаар ядуурлаас гаргах хэрэгтэй. Энэ тал дээр өнгөрөгч есдүгээр сард батлагдсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг бодлого, хөтөлбөрт тусгах чиглэлээр Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг ч хэллээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ