Ч.Сайханбилэг: Монгол бизнесдээ эргэн ирлээ

Оюутолгойн гүний уурхайн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Оюутолгой ордын нөөцийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Оюутолгой компани нь олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай төслийн санхүүжилтийн гэрээ байгууллаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюутолгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, Рио Тинтогийн зэс-нүүрсний группын гүйцэтгэх захирал Жан Жак нар оролцлоо.
Ёслолын арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдрөөс эхлэн Оюутолгойд улс төрийн асуудал байхгүй, цэвэр бизнесийн үйл ажиллагаатай боллоо. Энд сууж байгаа эрхмүүд цаашдаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг явж явна. Оюутолгойд дэлхийд алдартай 15 том банк төслийн санхүүжилтийн зээлийг олголоо. Ингэснээр бусад хувийн хэвшлийнхэн гадаадаас хөрөнгө оруулалт авах боломж нээгдэж байна. Ийнхүү Монгол Улс бизнесдээ эргэн ирлээ гэдгийг онцолъё” гэв.
Энэ оны тавдугаар сард баталсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд тус төслийн санхүүжилт хийгдэж буй юм. Уул уурхайн салбарт анх удаа Монголын компани Оюутолгой төслөөр дамжуулж олон улсын зах зээлээс их хэмжээний санхүүжилт авч байгаа нь энэ юм. Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ