
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 20 дугаар хуралдааны шийдвэрээр Батлан хамгаалахын “Эх орны төлөө” оны дээд шагналыг бий болгож, Монгол Улсын Зэвсэгт хүчинд онцгой гавьяа байгуулж, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст өнгөрсөн жилээс анх удаа олгож эхэлсэн билээ. Анхны шагналыг Батлан хамгаалах салбарын харьяа 18 анги, байгууллагаас 24 хүн нэр дэвшүүлсэнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салаан захирагчийн орлогч, дэслэгч Г.Аззаяа, БХИС-ийн ахлагчийн дамжааны багш Ш.Самбуу-Ёндон нар хүртэж байсан юм. Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар алан хядагчдаас эвслийн цэргийн баазыг хамгаалсан гавьяагаар монголчууд төдийгүй дэлхий дахин мэдэх билээ. Тэгвэл 2011 оны “Эх орны төлөө” батлан хамгаалах салбарын дээд шагналын эзнээр Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн Гэмтэл, бичил мэс заслын тасгийн эрхлэгч, хошууч Тогтмолын Сүхбаатар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хүний нөөцийн офицер, хошууч Гэмгүйн Ялалт, МҮОНТ-ийн захирал Цагааны Оюундарь нар тодорсон байна.
Хошууч Тогтмолын Сүхбаатар Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын тавцанд өндрөөр гарган Судан улсын Дарфур муж дахь НҮБ болон Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих “UNAMID” ажиллагаанд Цэргийн II шатны эмнэлгийн багийн захирагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны эмнэлгийн багийн бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг удирдан зохион байгуулж, эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлсэн юм. Тэрчлэн
хошууч Гэмгүйн Ялалтад “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд анхлан хоёр удаа, Сьерра-Леон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ротын захирагчаар, Афганистан улс дахь НАТО-гийн тэргүүлсэн эвслийн цэргийн орнуудын Монгол Улсын цэргийн багийн захирагчаар удаа дараа үүрэг гүйцэтгэж, эх орныхоо өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлсний тул эл шагналыг олгож байгаа аж.
Мөн үзэгч олны таашаалд нийцсэн “Тусгай салаа” телевизийн олон ангит киноны киноны ерөнхий продюссор, МҮОНТ-ийн
захирал Цагааны Оюундарийг Монгол цэргийн нэр хүндийг өргөсөн бүтээл туурвисных нь төлөө “Эх орны төлөө” шагналын эзнээр тодруулсан нь нүдээ олсон явдал болсон байна. Энэ үеэр Монгол цэргийн алдар хүндэтгэлийн хөшөөний загварын шалгаруулалтад тодорсон МУЭ-ийн гишүүн зураач Ж.Дүүрэнтөгсийн “Их хар сүлд” бүтээлийн шагнал 10 сая төгрөгийг уран бүтээлчид гардууллаа. “Эх орны төлөө” батлан хамгаалах салбарын оны дээд шагнал гардуулах ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ш.Сүхбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ