Оюутнуудын цогцос олдсон гэв

img

Мексикийн Герреро мужаас 500 км-ийн цаана байрлах нэгэн жалганаас цагдаагийнхан 19 хүний цогцос олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан эдгээр цогцсыг өнгөрсөн онд сураггүй алга болсон 43 оюутных байж болзошгүй хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Хэргийн газраас шатсан дэвтэр, оюутны үнэмлэх зэрэг олдсон учир дээрх дүгнэлтийг цагдаагийнхан хийсэн байна. Цогцсуудыг шатаасан учир тэднийг танихын тулд ДНК-ийн шинжилгээ хийхээр болсон байна.

 

Герреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн оюутнууд өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр боловсролын систем болон эрх баригчдыг эсэргүүцэн жагссан билээ. Жагсаал эхлээд дөрвөн хоногийн дараа 43 оюутан ор сураггүй алга болсон юм. Оюутнуудын аминд хүрсэн гэх гэмт бүлэглэлийн 15 гишүүн болон Игуала хотын захирагчийг эхнэртэй нь баривчилсан ч оюутнуудын цогцсыг олж чадаагүй. Энэ оны нэгдүгээр сарын 26-нд Мексикийн удирдлагууд 43 оюутныг амиа алдсан хэмээн зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ