Н.Энхбаярын ял хэвээр үү эсвэл өршөөгдсөн үү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Шадар сайдын албан тушаалд очих тухай асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа билээ. Хоёр намын дунд энэ асуудал нэлээд эрчимтэй яригдсан бөгөөд АН-ын бүлгийн хурлаар Шадар сайдаар ажиллуулахад гэмгүй хэмээн яригдсан удаатай.

Тэгвэл Н.Энхбаярын ял дуусаагүй. Ял нь хэвээр байхад төрийн албан тушаал хаших эрхгүй гэсэн мэдээллийн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр болон хуульч Б.Мэргэн нар өгсөн юм. Тэрбээр, “Н.Энхбаяр гуайн үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх гэмт хэрэг” нь хуулиараа хүндэвтэр гэмт хэргийн төрөлд хамаарч байгаа.
Эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн хүн нь шүүхээр оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцогддог хуультай. Н.Энхбаяр гэж хүн өнөөдрийг хүртэл ялтайд тооцогдсон хэвээр байгаа” хэмээсэн юм. Харин нөгөө талд зарим хуульчид үүнийг үгүйсгэжбайна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Намрын өршөөлийн хуулиар ялтай байдлыг бүгдийг өршөөсөн. Хэн нэгэн хүнд зориулж хуулийг гуйвуулан тайлбарлаж, double standard үүсгэж болохгүй. Хууль нэг мөр ойлгогдох ёстой. Би буруу санаагүй бол энэ хүний албан тушаалын хэрэг нь 2009 оны өршөөлийн хуульд хамрагдсан. Шүүхийн шийдвэрээр” хэмээжээ. Харин Хуульзүйн дэд сайд асан Д.Эрдэнэжамъян “Олон нийтэд Н.Энхбаяр нь ялтайд тооцогдож байгаа тухай ташаа мэдээлэл тарааж байгааг доорхи тайлбараар няцааж байна.
Нэг. Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775 тоот тогтоолоор Н.Энхбаярт холбогдуулсан зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоосон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Уучлал үзүүлэх зарлигаар Н.Энхбаярын үлдэж буй ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн болно. Үүнээс хойш 150.3 дахь хэсэгт заасан ялтайд тооцогдож байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу ялгүй болсон.
Хоёр. АТГ, Прокурорын зүгээс Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 4 “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78.2 дах хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлж, өршөөн хэлтрүүлсэн байна” хэмээжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ