Нийслэлд хэрэглээний пиротехникийн хэрэгсэл ашиглахыг хориглосон

Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байсан. Иргэдэд урьдчилэн сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор энэ тухай ОБГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Хүрэлбаатараас тодруулав.
-Тэсэрч, дэлбэрэх бодисыг хяналтгүй хэрэглэснээс иргэн хохирох тохиолдол гарч байсан. 2012 оноос хойш ийм төрлийн хэрэг бүртгэгдсэн үү?
-Шинэ жилийн баярын үеэр аж ахуйн нэгж албан байгууллагууд баярын үйл ажиллагаандаа пиротехникийн хэрэгслийг ашиглаж, ёслолын буудлага хийх тохиолдол их байдаг. Пиротехникийн хэрэгслийг нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглах асуудлыг Засгийн газрын тогтоолоор 2006 онд зохицуулсан. Мөн НИТХ, Засаг даргын шийдвэрээр пиротехникийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэх хадгалах, борлуулах, хилээр нэвтрүүлэхийг хориглосон байгаа.
2000, 2010 онд зөвшөөрөлгүйгээр гар дээрээс худалдан авч ашиглаж иргэд гар хуруугаа таслах, нүдээ гэмтээх, чихний хэнгэргээ цоолох зэргээр хохирсон явдал гарсан. 2012 оноос хойш холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байгаагийн үр дүнд ийм төрлийн хэрэг, зөрчил бүртгэгдээгүй.
-Шинэ жилийн баяр дөхөхөөр тэсэрч дэлбэрэх бодисыг гар дээрээс борлуулах явдал их гардаг. Танай байгууллагаас энэ тал дээр ямар хяналт тавьж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар НОБГ, Улаанбаатар хотын цагдаа, НМХГ-ын дарга нарын удирдамжийн хүрээнд хамтарсан бүрэлдэхүүн зах худалдааны төвүүдэд шалгалт хийж байна. Дүн нь хараахан гараагүй байна.
-Тэсэрч дэлбэрэх бодис ашиглахад зөвшөөрөл авах ёстой юу?
-Улаанбаатар хотод пиротехникийн хэрэгсэл ашиглахад Уул уурхайн яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Одоогийн байдлаар “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани тусгай зөвшөөрөл авсан. Албан байгууллагууд ямар нэгэн баяр тэмдэглэхдээ ёслолын буудлага буудуулъя гэх юм бол хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөлтэй компаниудтай гэрээ байгуулаад онцгой байдлын байгууллага дээр ирж зөвшөөрөл авдаг. Бид тухайн байгууллага дээр очиж үзээд мэргэжлийн оператор байгаа эсэхийг хянаад шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл өгнө. Гурав хоногийн өмнө зөвшөөрөл авсан байх ёстой.
-Иргэд овор хэмжээ багатай жижиг салютыг гар дээрээс худалдаж аваад буудуулдаг.
-Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн буюу хэрэглээний гэж хувааж үзнэ. Үзвэрийн гэдэгт 20 метрээс дээш буудлага орно. Харин 20 метрээс доош буюу хэрэглээний пиротехникийн хэрэгсэл ашиглахыг бүрэн хориглосон. Тиймээс бид хил гаалиар птротехникийн хэрэгслийг янз бүрийн аргаар нэвтрүүлэхээс сэрэмжлэх үүднээс гаалийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.
-Тэсэрч дэлбэрэх бодис манай улсад ихэвчлэн хаанахаас орж ирдэг юм бэ?
-Өмнөх жилүүдийнхээс харахад ихэвчлэн урд хөршөөс орж ирдэг юм билээ. Хятад ханзаар бичсэн хаяг шошгын зөрчилтэй пиротехникийн хэрэгслийн хадгалах хамгаалах, тээвэрлэх зааврыг мэдэхгүйгээс иргэд хохирдог. Буруу хадгалж, тээвэрлэсэн пиротехникийн хэрэгсэл гэмтээд дутуу дэлбэрээд газар унахад иргэд очиж өнгийх зэргээр гэмтдэг. Тиймээс гар дээрээс тэсэрч, дэлбэрэх бодис авахгүй байх хэрэгтэй. Мөн албан байгууллага, зоогийн газрууд сүлд мод засч гэрэлтүүлгийг буруу байрлуулснаас гал гарах тохиолдол гардаг. Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал унтраах анхан шатны хэрэгсэл байрлуулж, эргүүл жижүүр байнга ажиллуулах шаардлагатай байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ