Хэвлэх үйлдвэрийн газарт “Говь”-ийн нэрийн дэлгүүр сүндэрлэнэ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаанд оруулсан билээ. 2698 метр квадрат бүхий эзэмшил газартай тус барилгын дуудлага худалдаанд зургаан иргэн, гурван аж ахуйн нэгж оролцсон.
Дуудлага худалдаа Монгол Улсын иргэн Абдул Карим, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, иргэн Б.Отгонжаргал нарын хооронд өрнөж, Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал хэлснээр уг барилгыг авахаар болсон юм. Гэвч иргэн Абдул Карим монголчууд гэр бүлийн нэр хүндэд нь халдсан гэх шалтгаанаар уг барилгыг худалдан авахаа татгалзсан албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгсөн байдаг. Тиймээс Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахыг “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд санал болгож, хүсэлт хүргүүлсэн.
Тэгвэл “Таванбогд” группийнхэн өнөөдөртөө багтаж, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус байрыг авна гэдгээ мэдэгдэх гэнэ. Мөн Төрийн ордныхоо зэргэлдээ Төрийн ордноосоо өндөр байшин босгохгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучин хэв загварыг нь алдагдуулахгүйгээр хадгалах шийдвэрт хүрсэн байна. Харин тус төвд нь “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, япон, монгол ресторан, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн салбар дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах гэнэ.
Ж.Өөдлөн
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ