Оны түүхэн уулзалтууд

Энэ онд түүхэн ач холбогдолтой олон уулзалт зохион байгуулагдлаа. Британийн “www.telegraph.co.uk” сайт энэ онд зохион байгуулагдсан түүхэн уулзалтуудыг нэрлэжээ.
60 жилийн дараа уулзав
1961 онд АНУ, Кубын эсрэг худалдаа, аялал жуучлалын салбарт хориг тавьснаас болж хоёр улсын дунд таарамжгүй харилцаа үүссэн билээ. Өнгөрсөн оны төгсгөлд хоёр улсын удирдлагууд АНУ болон Кубын дунд үүсээд буй таарамжгүй харилцаанд цэг тавьж буйгаа мэдэгдсэн юм.
Түүхэн уулзалт гэх тодотголтой хоёр улсын төрийн тэргүүний уулзалт энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Панамад зохион байгуулагджээ. Ийнхүү хоёр улсын удирдлагууд 61 жилийн дараа уулзав. Уулзалтын дараа хоёр тал Гавана болон Вашингтон хотноо харилцан элчин сайдын яамаа нээжээ.
“Минск 2” гэрээг байгууллаа
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулсан Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжих ёстой “Минск”-ийн гэрээ зөрчигдөж, сөргөлдөөний бүсэд дахин буу дуу гарах болсон. Үүнтэй холбогдуулан энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар Москва болон Киев хотноо гэнэтийн айлчлал хийж тус улсын удирдлагуудтай уулзсан билээ.
Энэхүү айлчлалаас хоёр долоо хоногийн дараа Парис хотноо “Нормандын дөрвөл” 16 цагийн турш хэлэлцсний эцэст “Минск 2” гэрээг байгуулж чаджээ.
Путинээс тусламж хүсч Дамаскийг орхив
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад тусламж хүсэхийн тулд өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Москва хотноо гэнэтийн айлчлал хийсэн юм. Ассад ийнхүү дөрвөн жилийн дараа эх орноо орхин гарчээ. Түүний айлчлал эхлэлээсээ төгсгөл хүртлээ нууцын зэрэглэлтэй байсан юм.
Удирдагчид хэт даврагчдаас болж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь ганхаад буй Сирийн асуудлаар ярилцсан билээ.
Жилд хоёр удаа уулзав
АНУ болон ОХУ-ын удирдагчид энэ онд хоёр удаа уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцжээ. Тэд анх удаагаа жилд хоёр удаа уулзаж байна. Удирдагчдын эхний уулзалт Турк улсад зохион байгуулагдсан билээ. Тус улсын Анталъя хотноо өнгөрсөн сарын 16-нд “Их 20 уулзалт зохион байгуулагдсан юм. Уулзалтын эхний өдөр Обама, Путин нар хагас цаг ярилцжээ.
Харин дараагийн уулзалт Парис хотноо энэ сарын эхээр зохион байгуулагдсан Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын үеэр болсон юм. Тэд 10 минут уулзсан бөгөөд Сирийн хямралын асуудлаар хэлэлцсэн байна.
Нетаньяхугийн хүсэл биелжээ
Олон жилийн өмнөөс Израйль болон Палестин зөрчилдөж эхэлсэн. Энэ оны сүүлээр Израйлын удирдлагууд палестинчуудад хориг тавьж, нийслэл хотноо нэвтрэхийг хориглосон юм. Энэхүү хоригоос болж зэвсэг барьсан палестинчууд Израйль хотноо дараалласан халдлага үйлдэж, олон хүний аминд хүрчээ.
Палестинчуудын дээрх үйлдлээс болж, энэ сарын 1-нд Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Израйлийн удирдлагуудтай уулзах санал тавьсан юм. Саналын хариу ирээгүй хэдий ч Парис хотноо болсон цаг уурын өөрчлөлтийн эсрэг уулзалтын үеэр Нетаньяху хүслээ биелүүлж, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзжээ. Хоёр улсын удирдлагууд 10 жилийн дараа ийнхүү уулзсан юм. Уулзалт хэдхэн минут үргэлжилсэн бөгөөд тэд юуны тухай ярилцсан нь өнөөг хүртэл нууц хэвээр.
Хятад, Тайвань эх нэгтэй
БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Тайванийн Ерөнхийлөгч Ма Юн Жи нар өнгөрсөн арваннэгдүгээр сард Сингапур хотноо уулзсан билээ. Тайвань 1949 онд Хятадаас салан тусгаарласнаас хойш хоёр улсын удирдлагууд уулзаагүй байсан юм. Түүхэн уулзалт ганцхан цаг үргэлжилжээ.
Тайвань тусгаар улс гэдгээ Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхийн оролдсон хэдий ч бүтэлгүйтсэн юм. Учир нь Си дарга Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн мэдэгдэж “Бид мах ясаараа холбогдсон ахан дүүс. Энэ бол гарцаагүй үнэн. Хятад, Тайвань эх нэгтэй төрсөн ахан дүүс” гэж мэдэгджээ.
Уулзалтын дараа Хятад улс Тайванийн эсрэг хэрэгжүүлээд буй эдийн засаг, аялал жуучлалын хоригоо цуцалсан байна.
Сирийн холбоотнууд уулзав
Түүхэндээ анх удаагаа Сирийн холбоотон орнууд болох Орос, Турк, Саудын Араб болон Иран улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Австрийн Вена хотноо чуулсан юм. Уулзалтын эхнээс л сайдууд Ассадаас болж маргалдсан билээ. Сайдууд ярилцсны эцэст Сирийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэхээр тохиролцож чадсан юм.
Холбоотон орнууд Сирийн Батлан хамгаалах яаманд зэр зэвсгийн тусламж үзүүлэхээс гадна олон улсын байгууллагуудтай хамтран Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ