БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдрийн турш явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүллээ. Мөн тэмцээний хэд хэдэн төрөл дээр дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдсэн байна.
Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 13, бага насны ангилалд 5) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож 26 медаль хүртлээ. Манай тамирчид бүх насанд нийт 5 дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тодруулбал насанд хүрэгчдийн ангилалд Их Мастер С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их Мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.
Түүнчлэн Их Мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоор тэргүүлж өсвөрийн дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн Мастер З.Цэцэгзул нар оржээ. Өсвөрийн тамирчид авах боломжит 30 медалийн 22-ыг нь авсан байна.
Их Мастер Э.Пүрэвжав, Э.Энхмөнх нар тэмцээний хамгийн том цол болох Олон Улсын Их мастерийн болзлыг хангаж нийт тамирчдаас шилдэг 10-т шалгарсан бол Б.Шижир-Эрдэнэ Их Мастер цол, Т.Энхжин, Н.Түвшинтөгс, Б.Ариунсанаа, Б.Хангай, Э.Ялгуун, А.Номин нар Олон Улсын Мастер цол хүртлээ.
Оюуны спортынхон өнгөрсөн таван жилийн хугацаанд олон улсын 35 тэмцээнд оролцож, нийт 484 медаль хүртжээ.
Уншиж байна |