Ц.Баатарсайхан дэнчингийн 715 сая төгрөгийг байршуулжээ

Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Ш.Төмөрбаатар болон комиссын гишүүд оролцов. Уг хуралдаанаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлалын асуудлыг хэлэлцлээ. Нээлттэй дуудлага худалдаанд оролцсон Абдул Карим, Ц.Баатарсайхан нарыг урьсан боловч ирээгүй аж.
“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаагаар Монгол Улсын иргэн Абдул Карин 24 тэрбум төгрөгөөр барилгыг худалдан авахаар болсон. Тэрбээр дэнчин болох 715 сая төгрөгийг байршуулаад байсан ч өөрийн хүсэлтээр худалдан авах гэрээгээ цуцалсан билээ. Ингэж Абдул Карим татгалзсанаар дуудлага худалдааны журмын дагуу “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг авах боломж бүрдсэн юм. Тэрбээр арванхоёрдугаар сарын 18-нд дэнчин болох 715 сая төгрөгийг улсын орлогод төвлөрүүлж худалдах, худалдан авах гэрээг хийжээ. 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө 23 тэрбум 850 сая төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд газар эзэмших 60 жилийн эрх Ц.Баатарсайханд шилжих юм байна.
Хуралдааны үеэр хотын дарга Э.Бат-Үүл “Иргэн Абдул Карим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дарамтлуулсан шалтгаанаар, хуулийн дагуу 715 сая улсын орлого болгосон. Энэ бага мөнгө биш. Тиймээс дэнчигийн мөнгөний тухай асуудал гаргах вий гэж болгоомжилж, хүндэтгэх шалтгааны улмаас татгалзсан гэдгийг тодруулмаар байна” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ