Хэргийг мөрдөх хэсэг Өмнөговь, Хөвсгөлд ажиллаж байна

"Ирвэс хамгаалах сан"-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.
Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсгийн гишүүд Өмнөговь, Хөвсгөл аймагт шалгалтаар ажиллаж байна.
"Машинаа гараашид тавина" гэж гэрээсээ гарсан залуу зургаа хоногийн дараа Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байсныг олсон. Урьдчилсан байдлаар түүний нас барсан шалтгааныг гадны нөлөөгүй гэж дүгнээд байгаа. Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын өрөм тавиулахгүй хэмээн тэмцдэг байсан. Үүнээс шалтгаалж үл таних хүмүүс удаа дараа амь насанд нь заналхийлж, дөрвөн ч удаа халдлагад өртсөн тухай түүний аав хэвлэлд ярьсан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ