Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээв
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Шүүгдэгч Л.Гансүх ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шүүх хуралд оролцсон. Шүүх хуралд ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар оролцсон юм.
Шүүх хуралдаан бүтэн өдөржин үргэлжилж, шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Гансүхийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож алба тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт үйлдлийг гардан зохион байгуулсан хэрэгт буруутган 4.6 жилийн хорих албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял оноосон.
Харин Эм Жи Эл Эс Би компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасах шийдвэрийг шүүхээс гаргаж байсан.
Ингэхдээ Б.Мөнгөнтуяагийн цагдан хоригдсон 203 хоногийн хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцсон. Харин Н.Даваахүүгийн цагдан хоригдсон 46 хоногийн хугацааг ялаас хасч, үлдсэн 10 сая 52 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэв. Түүнийг торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг сануулсан. Мөн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нараас хоёр тэрбум таван зуун гучин есөн сая долоон зуун гучин есөн мянга найман зуун жаран төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Багануур ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ