“Хилчин”-гийн бүсгүйчүүд түрүүллээ

img

Гэрэл зургуудыг "Mongolian Wrestling Federation" хуудаснаас ашиглав.

Чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг багуудын “Arj Cup” цомын төлөөх анхдугаар тэмцээн өчигдөр Спортын төв ордонд боллоо. Энэхүү тэмцээнийг эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр санаачилж, "Арж капитал" компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

 

Тэмцээнд З.Дүвчин, Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны I баг”, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны II баг”, Ц.Баярсайхан, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, Д.Батням дасгалжуулагчтай “Цастын барс” клуб, Д.Мөнхбаяр, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Арслан-Налайхын нэгдмэл баг”, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Охидын академийн баг" гэх долоон багийн тамирчид хүч сорьсон юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав ажиллажээ.

 

Тэднээс “Хилчин” спорт хорооны баг тамирчид тэргүүн байрт шалгарсан бол “Хасу-Мегастарс” клуб дэд байр, “Алдар” спорт хорооны I баг” гутгаар байр эзэлжээ. Удаах байруудад "Арслан-Налайхын нэгдмэл баг”, “Охидын академийн баг”, “Цастын барс” клуб, “Алдар” спорт хорооны II баг” шалгарчээ.

 

Нэгдүгээр байр эзэлсэн баг алтан цом, 10 сая төгрөгөөр шагнуулсан. Хоёрдугаар байрт шалгарсан “Хас-Мегастарс” багийнхан  найман сая төгрөг, гутгаар байр эзэлсэн “Алдар спорт хорооны I” баг таван сая төгрөг, дөрөвдүгээр байранд орсон “Арслан-Налайхын нэгдмэл” баг 800 мянган төгрөгийн шагнал хүртэв. Мөн тавдугаар байр эзэлсэн “Охидын академийн баг“ 500 мянган төгрөгөөр шагнуулсан юм.

 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ