Хямралтай жилийн хямдралтай даашинзыг ч худалдан авч дийлэхгүй байна

img

-Хамгийн үнэтэй даашинз, гацуур 1.1 сая төгрөгийн үнэтэй-

 

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй баярын энэ өдрүүдэд хамгийн эрэлт хэрэгцээтэй зүйл бол бүсгүйчүүдийн шинэ жилийн даашинз, айл бүрийн хойморт гэрэлтэх гацуур мод байдаг. Бүсгүйчүүд маань шинэ жил дөхөхөөр л өнгөрсөн жил хэн юу өмссөн, ямар аксессуараар гоёсон байсныг эргэн санаж, найз нөхдөөсөө гуйж түүх нь ихэсдэг. Зарим боломжтой нэгэн нь гараад л шинэ даашинз худалдаад авчих нь энүүхэнд. Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аар бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй гоёлын даашинз болон айл бүрийн хойморт залрах гацуур модны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.

 

 

 
“Сандэй” төвийнхөн даашинзаа 15-200 мянгаар үнэлжээ
 


Шинэ жилийн өмнөх энэ өдрүүдэд байгууллагууд шинэ жилээ хийж, шилдгүүдээ тодруулж буй. Тиймээс ч жилд ганц болдог энэ баяраар бүсгүйчүүд үдшийн гоёлынхоо эрэлд гарч, хөлөө эцээдэг гэхэд хилсдэхгүй.



Тиймээс зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй гоёлын даашинзны үнэ ханш ямар байгааг сонирхуулахаар шийдэн, манай сурвалжлах хэсэг “Сандэй” худалдааны төв болон “Нарантуул” захыг зорилоо. Энд гоёлын даашинз 15-200 мянган төгрөгийн үнэтэй байв. Энэ жил худалдан авалт маш муу байгаа гэдгийг ч наймаачид ам уралдан хэлж байна. Тэд өмнөх жилүүдийнх шиг бараагаа татаад иртэл худалдан авалт маш бага байгаа учир мөнгөө “түгжихгүй”-н тулд аргагүйн эрхэнд үнээ буулган худалдаалж байгаа аж. Гоёлын даашинзны сонголт ч нас насны онцлогоороо ялгарч байна. Охид ихэвчлэн богино болоод нейлонон материалтай даашинзыг сонгох бөгөөд тэр нь 15-40 мянган төгрөгт багтаж байв. Наймаачдын хэлж буйгаар охид энэ жил гоёлын гэхээсээ илүү энгийн, өдөр тутмын загвартай даашинзаар гангарч байгаа гэнэ. Харин урт, торгомсог материалтай, шигтгээ болон бусад гоёлын оруулгатай, загварлаг даашинзууд 65-150 төгрөгийн ханштай байлаа.



Ийм загварын даашинзыг 25-35 насны бүсгүйчүүд их сонирхон худалдан авч байгаа бол дунд эргэм насны буюу 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн шинэ жилээр гангарч болохуйц даашинз 60-200 мянган төгрөгийн үнэтэй байна. Мэдээж энэ насны эмэгтэйчүүд гоёлын гялгар шигтгээ, саатай бус элдэв чимэглэлгүй энгийн даашинзыг сонгон авдаг байна. Энэ жилийн хувьд даашинзаа худалдан авсан үнээрээ буюу хямдралтай үнээр худалдан борлуулж байгаа талаараа “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ил лангуун дээр худалдаа хийж буй бүсгүй хэлсэн юм. Тэрбээр “Энэ жил эмэгтэйчүүд даашинз худалдан авах нь маш тааруу байна. Ямар сайндаа л Туркаас 35 ам.доллараар авсан даашинзаа буцаагаад ямар ч ашиг байхгүй, 75 мянган төгрөгөөр зарж байна. Тэгж байхад л худалдан авалт хийхээр даашинз сонирхон үзэж байгаа бүсгүйчүүд илүү хямдруулаач гэж гуйгаад байна. Тиймээс эдийн засгийн хямрал хүн бүрийн амьдрал нөлөөлж байгаа бололтой” хэмээсэн юм.


 

Гүнж нарынхаа баярт даашинз сонгох гэж байгаа бол...
 


Шинэ жилийн баярыг сургууль, цэцэрлэг гээд бүхий л байгууллага ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс ч эцэг, эхчүүд бяцхан гүнж нараа гоёхоор гоёлын болон цасан охины даашинзны эрэлд гарцгаадаг. Тэгвэл бид ээжүүдийн эрэлд тус болох үүднээс охидын даашинзны үнэ ямар байгааг мөн судалсан юм. Охидын даашинз “Сандэй” худалдааны төв болон “Нарантуул” олон улсын худалдааны төвд материал болон загвар, хэмжээнээсээ шалтгаалан 35-100 мянган төгрөгийн үнэтэй байна. 35 мянган төгрөгийн даашинз нь нейлон материалтай байсан бол даавуун материалтай, сувдан цагаан өнгөтэй даашинз нь арай илүү үнэтэйгээс гадна 100 мянга хүртэл үнэтэй байна.


Харин шинэ жилдээ 12 жилийн амьтан болж, дүр бүтээх гэж буй жаалуудад хэрэг болох баг 500-5000 төгрөгийн үнэтэй байна. Амьтдын пластик материалтай баг 500 төгрөг, даавуун буюу бусад сайн материалтай баг 3-5 мянган төгрөгийн үнэтэй. Харин бага насны хүүхэд өмсдөг амьтны /нимгэн материалтай/ хувцас “Нарантуул” худалдааны төвд 15-20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сонголт муутай юм билээ. Цэцэрлэгийн шинэ жилд бяцхан гүнж нар гоёмсог даашинзаар гоёдог бол хөвгүүдийг ихэвчлэн Сантагийн хувцсаар гоёдог. Тэгвэл Санта клаусын хувцас “Нарантуул” худалдааны төвд 5-15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Дашрамд дуулгахад, том хүний Санта клаусын хувцас 8-20 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.
 

 

Энэ жил торон материалаар урласан даашинз эрэлт ихтэй байгаа гэв
 


Гоёлын даашинзны үнэ борлуулж буй тухайн газраасаа хамаарч харилцан адилгүй байлаа. Бид үйлчлүүлэгч ихтэй гэдэг утгаар нь “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Тус худалдааны төвд гоёлын даашинзыг 55-110 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Харин богино загварын даашинзууд нь 20-45 мянган төгрөгийн үнэтэй байв. Худалдаалж буй зарим  гоёлын даашинзны өнгө нь гундаж, оёдол нь сэмэрч утас нь ил гарсан, “өлөн” хир суусан байсныг энд  дурдах нь зүйн хэрэг биз. Энэ жилийн хувьд ихэнх даашинзны энгэр нь задгай, бэлхүүс, хормойн хэсгийг торон материалаар урласан загварууд зонхилж байгаа аж.


Харин “Бөмбөгөр” худалдааны төвийн ард байрлах “Орон зай” худалдааны төвд хуучин богино даашинзыг 20 мянган төгрөгөөр, уртыг нь 45-60 төгрөгөөр худалдаалж байсан юм. Хуучин гэдэг нь урьд жилүүдэд бүсгүйчүүдэд түрээсээр өмсүүлж байсан гэсэн үг. Хуучин даашинз худалдаж буй энэ лангууныхан харин шинээр авсан загварын даашинзуудаа түрээслүүлж байгаа гэнэ билээ. Шинэ түрээсийн даашинз 20-45 мянган төгрөгийн үнэтэй байна.


 

Бэлхүүс хэсгээрээ хар оруулга бүхий биеийн өнгөтэй даашинз хамгийн их борлуулалттай байна
 

Гоёлын даашинзны эрэлд “хатсан” бүсгүйчүүддээ туслах үүднээс сурвалжлага хийх үеэрээ “Бөмбөгөр” худалдааны төвийн бэлэн хувцасны тасгийн худалдагч  Д.Гэрэлтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.



-Бүсгүйчүүд энэ жил ямар загварын даашинзыг хамгийн ихээр худалдан авч байна вэ?



-Нас насны онцлогоосоо хамаараад өөр, өөр байна. Охидууд туузан чимэглэлтэй, дэрэвгэр хормойтой даашинз худалдан авах сонирхол их байгаа бол харин оюутан, тэр дундаа төгсөх курсийнхэн бол энгийн хэрнээ ихэмсэг харагдахуйц тансаг даашинз хэрэгтэй байна гэж сураглаад байгаа юм. Ер нь 21-30 гаруй насныхан урт торон оруулгатай даашинзыг худалдан авах сонирхол их байгаа ч, худалдан авах чадвар үнэхээр муу байна. Учир нь ийм төрлийн даашинз чамгүй үнэтэй байгаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого мэдэгдэхүйц хэмжээнд буурсан.



-Хүмүүс ямар өнгийн даашинзыг илүүтэй сонирхож байх шиг байна?



-Завсрын өнгийг их сонирхож байна. Миний хувьд тухайн хүний биеийн онцлогоос хамаарч, өөрийнх нь царайг тодотгох өнгийг санал болгодог. Номин ногоон, усан цэнхэр, ягаан өнгийг бас сонгох ч тохиолдол байна. Түүнчлэн бэлхүүс хэсгээрээ хар оруулга бүхий биеийн өнгөтэй даашинзыг бүсгүйчүүд их худалдан авч байна.


 

Турк болон АНУ-аас орж ирсэн даашинз...
 


Ингээд бид цааш энгийн гоёлын даашинзыг бус брэндийн даашинз сонирхдог бүсгүйчүүддээ зориулан үнийн судалгаа хийхээр “Гранд плаза” худалдааны төв, УИД болон “Улаанбаатар” их дэлгүүрийг зорилоо. “Гранд плаза” худалдааны төвд  Турк, Солонгос улсын брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан юм. Материал нь силкэн болон хөвөн даавуун, даавуун гэдгээрээ давуу талтай гэдгийг худалдагч нар нь онцолж байв. Энэ оны түгээмэл загвар гэх “гуншинтай” нуруу ил гарсан, бэлхүүс хэсгээрээ торон оруулгатай, хажуу хэсгээрээ оноотой даашинзууд лангуу бүрт өлгөөстэй байлаа.



Үнийн хувьд мэдээж “Нарантуул”, “Орон зай”, “Бөмбөгөр” худалдааны төв зэрэг газруудтай харьцуулахад харьцангуй үнэтэй байсан юм. Даашинзны үнийн хувьд Солонгосын богино загварын даашинзыг 150-230, уртыг нь 200-350 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол Туркээс оруулж ирсэн богино даашинзыг 180-270, уртыг нь 299 мянгаас 1.1 сая төгрөгийн хооронд худалдаалж байв. Мөн “Улаанбаатар” их дэлгүүрт шинэ жилийн баярыг тохиолдуулан авч ирсэн Солонгосын гоёлын даашинзыг 20 хувь хямдруулан худалдаалж байна билээ. Үнийн хувьд богино загварын даашинз нь 180-220 мянган төгрөг  байсан бол урт нь 240-280 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ үеэр худалдаа хийхээр ирсэн эмэгтэй “Үнийн хувьд арай л чанга байна.


Гадуур миний одоо үзээд зогсож байгаа шиг загвартай даашинз 50 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл энд 180 мянган төгрөг гэнэ. Турк болон АНУ-аас авч ирсэн болохоор материалын хувьд сайн байх шиг байна. Эдний даашинзууд нэг загвараас нэг л ирдэг юм байна” хэмээсэн. Шинэ жилийн баяраар зөвхөн охид, бүсгүйчүүд гэлтгүй залуус ч сайхан харагдахыг эрхэмлэдэг учраас бид эрчүүддээ зориулан хослолын үнийг бас сонирхлоо. Тодруулбал, Америк, Турк, Орос улсаас оруулж ирсэн брэндийн хослол 250 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байсныг дуулгах хэрэгтэй биз ээ.


 

Бүсгүйчүүд гоёлын даашинз худалдаж авахаасаа илүү түрээслэх нь ихэсчээ
 


Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар буурсныг худалдаачид хэлж байна. Энэ байдал нь мэдээж гоёлын даашинзны түрээсийн бизнесийг хөгжүүлж өгч байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил гоёлын даашинзны үнэ эрчимтэй өссөн байгаагаас харж болно. Энэ талаар “Орон зай” худалдааны төвийн худалдагч  Д.Сувд-Эрдэнэ “Хүмүүс даашинз худалдан авах сонирхол байгаа ч худалдан авч чадахгүй байна. Энэ нь тэдний санхүүгийн асуудалтай шууд холбоотой болов уу.



Ямар ч худалдан авалт байхгүй болохоор нь аргаа бараад шинэ загварын даашинзуудаа түрээслүүлж байна. Уг нь худалдах нь бидэнд илүү ашигтай. Зүгээр л өдөржин лангуу ширтээд ямар ч ашиггүй суухгүйн тулд иймэрхүү арга, заль гэмээр зүйл хэрэглэж байна” гэсэн юм. Ерөнхийдөө л гадуур явж байхад бүсгүйчүүд худалдааны төв гэхээсээ илүүтэй даашинз түрээсэлдэг бидний нэрлэж заншсанаар “прокат” руу их явж байгаа нь харагдсан юм. Тиймээс бид хямралын буянаар “хөлжиж” буй даашинз түрээслэх үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн газраар орж үнийг нь судаллаа.



Тухайлбал, Сансар дахь “Гоёлын даашинз-прокат” түрээсийн үйлчилгээний газрын худалдагч Н.Саруулзаяа “Манайх жил бүр даашинз түрээслүүлдэг. Энэ жилийн хувьд урт даашинзаа 18-35 мянгаар, богино буюу дэрэвгэр хормойтойг нь 8-15 мянган төгрөгөөр түрээслүүлж байгаа. Өнгөрсөн оныхтой харьцуулахад даашинз түрээслэх хүний тоо нэмэгдсэн нь эрс мэдэгдэж байна. Өмнө нь хүмүүс “хүний хуучин юм өмсөж байхаар энгийн ч гэсэн даашинз аваад чимэглэсэн нь дээр юм байна” гэх  тохиолдол их байсан. Харин энэ жил аль хямдхан, аятайхан харагдах загварыг сонгон түрээсэлж байна” гэв. Хүмүүсийн худалдан авах чадвар буурсан гэдгийг сурвалжлага хийх явцад алхам тутамдаа сонсч байлаа. Уг нь манай монголчууд баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэж ганган, чамин хувцсаар гоёхыг эрхэмлэдэг. Гэтэл хямралаас болж ганган, чамин гэхээсээ илүүтэй хямд үнэтэй, тэр ч бүү хэл хүний өмссөн хуучин даашинзыг түрээсэлж гангарахаар хошуурах болжээ.


 

Шинэ загварын даашинзыг 70-250 мянгаар оёно


Гоёлын даашинз худалдан авч, түрээсэлж шинэ жилээрээ гангарч байгаа нэг хэсэг байхад зөвхөн өөртөө зориулан цор ганц ширхгийг хийлгэж өмсөх хүсэлтэй бүсгүйчүүд бас байна. Сүүлийн жилүүдэд үндэсний хэв маягийг шингээсэн, загварын хувцас өмсөх сонирхолтой хүмүүс ихэссэн. Тэдний хувьд хувцас захиалгын газар, салонуудад захиалга өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл, үндэсний хэв маягтай хэрнээ орчин үеийн шинэлэг загварын даашинзыг оёдолчид түүртэхгүй урладаг болсон байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг бүсгүйчүүдийн захиалгаар даашинз урлаж өгдөг хэд хэдэн салонаар орлоо. Тодруулбал, “Урт цагаан” худалдааны төвийн ойр орчимд байрлах “Торгон бөс бараа”, “Тосон бараа”, “Монгол дээл хувцас” зэрэг салон болон хувиараа оёдол хийдэг хүмүүстэй уулзлаа.  Эдгээр салоны хувьд шинэ загварын даашинзыг 180-250 мянга, хувиараа оёдол хийдэг хүмүүс 90-170 мянган төргөрөөр бүсгүйчүүдийн хүссэн загварын даашинзыг урлаж өгдөг юм билээ.



Энэ үеэр “Торгон бөс бараа” үндэсний хувцас, захиалгын газрын захирал Б.Янжинхорлоогоос зарим зүйлийг тодрууллаа.



-Танай салон үндэсний хэв маягтай гоёлын даашинз оёдог уу?

-Үндэсний хэв маяг шингээсэн загвар болон бүхий л төрлийн хувцсыг хийнэ. Ер нь сүүлийн жилүүдэд үндэсний гэх тодотголтой зүйлсээ хэрэглэх хүсэлтэй хүмүүс олон болжээ гэж бодож байна. Энэ жилийн хувьд элдэв чимэглэлгүй энгийн гэж хэлж болох даашинзуудыг бүсгүйчүүдийн захиалгаар оёж байна.



-Гоёлын даашинзыг хэдэн төгрөгөөр хийж өгдөг юм бэ?

-Бид үйлчлүүлэгчиддээ даашинз хийлгэх материалаа шууд манайхаас сонгох шаардлага тавьдаг. Мөн тухайн үйлчлүүлэгчийн даашинз хэр их оёдол орохоос шалтгаалж, үнийг тодорхойлно. Ер нь дундаж үнэ 250 орчим мянган төгрөг болдог. Энэ нь үнэтэй сонсогдож магадгүй. Гэхдээ үүнд оёдолчны ажлын хөлс багтана гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийн тань сонгосон материал үнэтэй, оёдол ихтэй байх тусмаа мөнгөн дүн өснө гэсэн үг. Үүний хариуд эдэлгээтэй, гоёмсог, зөвхөн тухайн бүсгүйд зориулсан цорын ганц даашинзтай болно гэдгийг ч мартаж болохгүй байх.



-Танайхаар даашинз хийлгэж буй хүмүүс ямар загварыг илүү голчилж байна вэ?

-Янз бүрийн л загвар байдаг. Гэхдээ ихэвчлэн “Маркеса” загварын даашинзыг захиалж байна. Энэ нь дэрэвгэр, хуниас ихтэй даашинз юм. Энгийнээр тайлбарлавал, олон хуниастай цэцэг шиг хормойтой. Мөн энгэр нь задгай, бэлхүүс, нуруу хэсгээрээ торон материалаар оруулга хийлгэж байна. Ажиглахад, ахимаг насны бүсгүйчүүд ажил хэрэгч хослол, хар, хөх өнгийн даашинз их хийлгэж байгаа гэсэн юм. Ийнхүү бид даашинзаа сонгож амжаагүй, яаж гангарахаа мэдэхгүй байгаа бүсгүйчүүдэд зориулан аль болох олон газрын мэдээллийг хүргэхийг зорьсон юм.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.ОтгонмЯгмар Т.Ариунбаяр Н.Батзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Одоо Монголчууд цагаан сар тэмдэглэх гээд гэрээ зарав гэгчээр биш хүний амьдралын жишигээр амьдарч сурах гэж бага багаар оролдож байна. Аяндаа амьрал заагаад өгнө дөө
2015-12-24
teneguud:
honjliin hereer holoo jii gedeg yum, hoosnoo medehgui yun bayarlah durtai yum, mass arhidaltand orohgui baina biz dee.
2015-12-23
kkkk:
hymraltai bgaa bol daashinz omsoj oroh albatai bishdee teneg humuus l hyn dagaj hoorno doo.chadaltai baijiij daashinz hudaldaj avaa ooriihoo sanhuug medreech.
2015-12-23