Цэлцэгнүүрийн худалдааг зогсоожээ

Шинэ жилийн баяр дөхөж байна. Баяр ёслолын үеэр иргэд чанар, стандартын шаардлагад нийцэхгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байдаг.
Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ийн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүр чанар, стандартын шаардлагад нийцэхгүй байсан тул хуулийн дагуу хүнсний сүлжээнээс татан авч, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжилжээ. Тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд хамруулахаар өгсөн байна.
Цэлцэгнүүрийг шинэ жилийн баяраар хүүхдүүдэд ихэвчлэн бэлэглэдэг. Тиймээс иргэдийг дээрх бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, өөр төрлийн цэлцэгнүүр авсан тохиолдолд үйлдвэрлэгдсэн он сар, хадгалах хугацаа, сав боодол зэргийг сайтар шалгаж авахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ