10 хувийн зээлийн асуудал аясаараа явчих боломжтой

“Сайдын цаг”-m БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо. Тэрбээр барилга, хот байгуулалтын салбарт хийгдсэн байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсны дараа хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудалд талууд ойлголцолд хүрсэн үү?
-Төр бодлогоо гаргасан. Одоо тухайн асуудалтай холбоотойгоор байгууллагуудаас саналыг нь авч байна. Манай яам өнөөдөр бүх арилжааны банкны саналыг авсан. Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Монголбанктай төдийлөн уулзаж чадахгүй байна. Арилжааны банкууд “Биднийг төр бодлогоороо дэмжиж өгөөч” гэж байна. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд бүгд өр зээлтэй байгаа. Өрийн гинжин сүлжээнд орсон. Өндөр хүүтэй зээл төлөх үү, өөрсдөдөө боломжтой хувилбараар арилжааны нэгж, банк хоёрын хоорондын итгэлцлийн асуудал байгаа. Өөрсдөдөө байгаа баригдсан барилгуудаа 8 хувийн зээлэнд оруулаад, 20 хувьдаа өөрөө баталгаагаа гаргаад, эргэн төлөлт нь 100 хувь аж ахуйн нэгжүүддээ очдог байсан бол 80 хувиар төлөөд явах хэрэгтэй. 20 хувь нь урт хугацаандаа хувь хүнээсээ эргэн төлөгдөөд явна. Үүнд төр оролцоод хэрэггүй. Хэрвээ өмнөх сайдын үед яригдсан 200 тэрбум төгрөг дээр Засгийн газрын баталгаа байсан бол энэ асуудал хүлээлт үүсгэхгүй байсан.
Өнөөдөр 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргах мөнгө алга байна. Засгийн газрын өрийн баталгааны санд 97.5 тэрбум төгрөг суулгаж өгсөн байгаа. Гэхдээ одоо Засгийн газрын баталгааны 97.5 тэрбум төгрөг цаасан хэлбэрээрээ байхгүй, бичигдсэн хэлбэрээр байна. Дээрээс нь эдийн засгийн боломж байхгүй. Тиймээс аж ахуйн нэгжид үүсээд байгаа асуудал, банкуудаа татаж унагах гээд байгаа асуудлыг зохицуулах ёстой. Ингэхдээ Засгийн газрын тогтоол журамдаа өөрчлөлт оруулж явъя гэдэг хүсэлтийг шийдсэн. Цаашлаад Үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудал шийдэгдэхэд 10 хувийн урьдчилгаат зээлийн асуудал аясаараа явчих боломжтой. 10 хувийн асуудал зогсонги байдалд байсан гарцыг нээж өглөө. Үүнд улс төр хэрэггүй, төр ч оролцох шаардлагагүй. Төрөөс мөнгө төгрөг шаардахгүй. Энэ хүрээнд нь явуулах байх гэж найдаж байна.
-Монголбанкны Ерөнхийлөгч тантай хоёр ч удаа уулзсан гэж байсан?
-Би ажил хэргийн уулзалтыг хүсч байгаа. Хүн өнөөдөр албан газар, хонгилд хэдэн ч удаа тааралдаж болно. Н.Золжаргал Ерөнхийлөгчтэй гишүүдийн өрөөнд хоёр ч удаа таарсан нь үнэн. Гэхдээ ажил хэргийн уулзалт хийх тухайгаа тэр үед хэлж дуулгахад зөвлөх, мэргэжилтнүүдээ явуулсан. Монголбанк урьдчилгааг 10 хувь болгох дээр бидэнд саад учруулаад байх шаардлагагүй. Эцсийн дүндээ ажил явах хэрэгтэй.
Засгийн газрын баталгааг хүмүүс хүлээж байгаа. Иргэн урьдчилаад 10 хувийг төлнө. Энэ 20 хувь барилгын үнэ унах, найдваргүй зээл бий болохоос сэргийлсэн асуудал. Түүнээс биш иргэнд мөнгөөр дэмжлэг үзүүлж байгаа асуудал биш. Иргэд 10 хувиа төлөөд, 70 хувийг нь арилжааны банк гаргаад нийт 80 хувь нь аж ахуйн нэгжид очно. Тэгээд 20 хувиа эргэн төлөлтөөр нөхөөд авах хувилбартай.
-Голомт банктай байгуулсан санамж бичиг хэр баталгаатай бол?
-8 хувийн асуудал шийдэгдэх юм бол Голомт банк битгий хэл бусад банктай бид хамтран ажиллах болно. Яагаад гэвэл 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн ипотекийн зээлээ явуулах тогтоол журамдаа өөрчлөлт оруулж байгаа. Банкуудад энэ асуудлыг шийдэх боломжийг нь олгож өгсөн. Тиймээс энэ асуудал цаашдаа явна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой зогссон болохоос биш 10 хувь явахгүй гэдэг асуудал дээр юм яриагүй.
-10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл хэрэгжвэл хичнээн иргэн хамрагдах судалгаа байна вэ?
-Судалгаа бид авч байгаа. Гэхдээ энэ тоо нарийвчлан тодорхой болоогүй байгаа. Ямартай ч 10 хувь хэрэгжиж эхэлбэл гэдэг хүлээлт үүссэн. Тиймээс төдийлөн нарийвчилсан тоо гарахгүй байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ