Р.Отгонтулга: Таксины жолоочоос ч баримт авах хэрэгтэй

img

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долоодугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагууд иргэдийн худалдан авалт бүрт татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримтыг олгохоор болж байгаа. Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулах программыг бараа үйлчилгээний онцлог тус бүрт тохируулан бэлэн болгожээ. Энэ талаар НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас тодрууллаа.

 

-Худалдан авалт хийсэн баримтаа хэрхэн цуглуулах, бүртгүүлэх талаар мэдээлэл өгөөч?

 

-Баримтыг цуглуулахад хүндрэлтэй хоёр асуудал гарч ирнэ. Баримтыг стандартын бус цаасан дээр хэвлэснээс болж тоо нь мэдэгдэхгүй замхарч алга болно. Үүнээс болоод иргэн худалдан авалтын хоёр хувиа эргүүлэн авч чадахгүй хохирох эрсдэлтэй. Энэ эрсдэлд учирахгүйн тулд худалдан авалт хийх бүртээ цахим төлбөрийн систем буюу https://ebarimt.mn/posapi цахим сайтад бүртгүүлэх шаардлагатай. Аж ахуй нэгжээс танд өгсөн баримт дээрх хоёр серийн дугаар найман оронтой тоог тухайн сайтад бүртгүүлчихсэн байхад баримт урагдана уу, хаягдана уу ямар ч асуудал байхгүй.

 

-Иргэн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлчихлээ. Эргээд  ач холбогдол нь юу юм бэ?

-Төлбөрийн баримт дээр хоёр серийн дугаар, найман оронтой тоо байгаа. Энэ нь сугалааны дугаар болно гэсэн үг. Жилийн 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалааны азтанг сард нэг удаа, жилд 12 удаа шалгаруулж, сар бүр 1.8 тэрбум төгрөгийн сугалаа явагдах юм. Сугалааны орон нь хойноосоо тоологдоно. Тэгэхээр гурван орон таарах юм бол хамгийн багадаа 30 мянган төгрөг хожчихлоо гэсэн үг. Шаталж өгсөөд 8 орон таарах юм бол 100 сая хүртэлх мөнгийг хожих боломжтойгоор манай журам батлагдах юм. Журам эцэслэн батлагдаагүй байна. Хамгийн эхний сугалаа битүүний өдөр болов болов уу. Тэгэхээр иргэд сугалааны дугаараа харж, телевизээ үзээд сугалаанд оролцоно гэсэн үг.

 

-Мобиком корпораци гэхэд 10 мянган гэрээт борлуулагчтай. Төв дээрээс нь очиж худалдан авалт хийхэд НӨАТ олгодог. Гэрээт борлуулагчаар нь дамжуулж авахад олгодоггүй. Энэ мэт асуудлыг яаж шийдэх вэ?

 

-УИХ-аас НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулинд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий албан татвар суутган төлөгч байна гэж заасан байгаа. Тэгэхээр та цалингаараа НӨАТ-тай бараа худалдан авч байгаа учраас үйлчилгээ эрхэлдэг ямар ч аж ахуй нэгжээс баримтаа заавал нэхэж авах ёстой. Өөрөөр хэлбэл, таны халааснаас мөнгө гарч, та худалдан авалт хийсэн л бол төлбөрийн баримтаа авах эрхтэй байхаар хуулийн зохицуулалт хийгдсэн. Тэгэхээр худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж иргэн https://ebarimt.mn/posapi сайтад байрших НӨАТ-ын урамшууллын системд зайлшгүй холбогдох шаардлагатай.

 

-Худалдаа эрхлэгч, худалдан авалт хийсэн тухай баримтыг иргэнд хэрхэн хувилж өгөх үү?

 

-Үсчин дээр жишээ ярья. Та ороод үсээ засуулчихлаа. Хэрвээ кассын машингүй бол үсчин өөрийн гар утаснаасаа таны баримтыг өгч болно. Тэгэхийн тулд https://ebarimt.mn/posapi сайтад бүртгүүлсэн өөрийн и-мэйл хаягаа үсчинд өгөөд үүсгэсэн аккоунтандаа бүртгэл хийлгэнэ гэсэн үг. Олон хүн сугалаанд оролцож, шагнал хожих боломжтой учраас та таксинд суусан ч жолоочоос нь баримтаа авах хэрэгтэй.

 

-Ямар шагнал өгөх вэ?

 

-22 тэрбум хүртэлх мөнгөн шагналыг өгнө.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ