Жижиглэн худалдаанд салют зарах хориотой

Иргэд, аж ахуй нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Энэ үед нийслэлийн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтаар нийт 68 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар албан мэдэгдэл өгчээ. Мөн хуулийн дагуу дөрвөн удаа 1.5 сая төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
-Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх.
-Баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг худалдан авахгүй байх, хэрэглэж ашиглахгүй байх, иргэдэд худалдан борлуулахгүй байх.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага худалдан борлуулахыг хориглосон тул иргэдийн гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад хамтарч ажиллах.
-Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ