”Хүч” 70 нас хүрнэ

Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо ирэх онд 70 жилийн ойгоо угтана. Түүхт ойгоо угтах гэж байгаа тус спорт хорооноос Монгол Улсын гавьяат тамирчин 30, гавьяат дасгалжуулагч тав, үндэсний бөхийн 85 улсын цолтон төрөн гарчээ.
Энэ онд Дэлхийн цагдаагийн 16 дугаар тоглолтоос найман алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан "Рио-2016" олимпийн оноо олгох тэмцээний 48 кг-ын жинд алтан медаль, Парисын "Их дуулга" тэмцээнд алтан медаль, Гранд при БНХАУ-ын Чиндао Гранд при тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.
Цагдаагийн ахлагч Б.Түвшинбат Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээнээс алтан медаль, Индонезийн Палембанг хотод зохион байгуулагдсан “Ерөнхийлөгчийн цом-2015” олон улсын тэмцээний хүрэл медаль, сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээний хүрэл медаль зүүлээ.
Дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн элит ангилалд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдаа, ОУХМ Т.Энхжаргал хүрэл медаль, БНХАУ-д зохион байгуулагдсан “Уunnan Grandfondo” цомын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн элит ангилалын төрөлд тэмцээний турш тэргүүлэгчийн шар цамцыг хадгалж 174, 120, 115, 100, 24 км-уудад тус тус алтан медаль хүртсэн юм. Жүдо бөхийн дэлхийн цомын Гран при Кorea 63 кг-ын жинд Хамгаалалтын нэгдүгээр газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Цэрэннадмид хүрэл медалийн тавцанд зогсоод байна.
Ийнхүү тэртээр 1946 онд "Хилчин" нийгэмлэг нэртэйгээр байгуулагдсан "Хүч" хороо цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд нийтийн биеийн тамир, албаны болон мэргэжлийн, мөн их спортыг хөгжүүлэх, Монгол Улс болон цагдаагийн байгууллагын нэрийг тив, дэлхий, олимпийн наадамд өндөрт өргөх тамирчдыг бэлтгэн гаргахаар ажиллаж буй аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ