Горилогсод

img

 

Сонгуулийн жил хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Нэр дэвшихийг хүсэгчид ч эхнээсээ төрийн албаа өгч, өөрийгөө таниулах ажлаа хийж байна. Өнгөрсөн баасан гаригийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн албан тушаалтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг баталгаажуулав.

 

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, дэд дарга А.Ариунболд, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан нар төрийн албанаас чөлөөлөгдөж, сонгуулийн ажилдаа шамдахад саадгүй болов. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 

А.Ариунболд Баянгол дүүргээс нэр дэвшихээр “Хэрэглэгчээ дээдэлдэг, бизнесийн шударга өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх нь төрийн үндсэн үүрэг мөн” гэсэн бичигтэй өөрийнхөө зурагтай хуанлиг айлуудаар тарааж эхлэв. ШӨХТГ-ын дэд дарга гэж хэвлэлийн хурлын үеэр үзэгдэхээс өөрөөр танигдаагүй энэ хүн итгэл төгс ажлаа эхэлж байна.

 

Харин И.Нарантуяа Баянзүрх дүүргээс дахин нэр дэвшинэ байх. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар тус дүүргээс нэр дэвшсэн ч чамгүй хол “шидэгдсэн”. Ирэх сонгуулиар даагаа нэхэхээр ажил, албан тушаалаа өглөө.

 

Банкир Б.Жавхлан Дархан-Уул аймгаас нэр дэвшинэ. Тойрогтоо танигдсан гэх эл эрхэм МАН-д Дарханаас нэг суудал зулгаах нь бараг ойлгомжтой гэх. Тиймээс ч МАН-ынхан түүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ дээр дахин зүтгүүлж, олонхын дэмжлэгийг авсан.  

 

Аль ч Засгийн үед албан тушаалтай үлддэг хүмүүсийн нэг бол экс гишүүн Р.Эрдэнэбүрэн. Яамд дамжиж Төрийн нарийн бичгийн дарга хийж явдаг Р.Эрдэнэбүрэн УИХ-ын танхимд дахин суухыг хүсчээ. Тэр Төв аймгаас нэр дэвшиж магадгүй гэнэ.

 

АН-ынхан энэ удаа Д.Ариунсанг жагсаалтад бичихээр тохиролцож ажил албанаас нь чөлөөлсөн гэнэ. Бүр чамгүй дээгүүр бичигдсэн гэх сураг байна. Говь-Алтайд гурван ч сонгуулиар өвдөг шороодсон тэр намдаа бол “нүүртэй” нэгэн. Удаа дараагийн сонгуульд унасан ч чамгүй сайн татвар, татаастай Д.Ариунсан ирэх сонгуулиар жагсаалтад бичигдэж, УИХ-ын гишүүн гэх тодотголтой болох нь тодорхой болов.

 

Харин ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан ямар тойргийг тоочиглож байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Тэр нийслэлээс нэр дэвшиж магадгүй. Бүр МАН-ынхан түүнийг жагсаалтад залсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч тэр энгийн шалтгаанаар төрийн албанаас татгалзаагүй биз.

 

Ийн горилогсод эхнээсээ тодорч эхлэв. Харин тэдэнд өөрийгөө таниулах хугацаа маш богино бий. Санал хураалтын өмнөх 14 хоногийг эс тооцвол шинэковуудад өөрийгөө рекламдах хугацаа байхгүй.

 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд хориотой хугацаа эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2016.01.01-ний өдрөөс эхлээд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах бүр зурагтай хуанли ч тарааж болохгүй. Хориотой хугацаа тоологдож эхлэхээс өмнө төрийн албыг өгч, нэр дэвших тойрогтоо ядаж зурагтай хуудас тараахаар тэд яаравчилж байна.

 

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hoorhiidoo garchih sanaatai l baigaa baihdaa, za yamar moroodohod mongo toloh bish tee
2016-01-02
zochin:
bugd onzgui humus baina .Ter Javhlan genv hen ym baidag gazara bai medeh ch ugui ym baina U.Hurelsuhin dvv ge biz de
2016-01-02
Зочин:
hoorhii
2015-12-30