Д.Дэмбэрэлнямбад “Технологийн дэвшлийн шагнал”-ыг гардуулав

Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардууллаа.
Түүний “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Уг шагналыг 100 сая төгрөг дагалддаг юм байна.
Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.
Шагнал гардан авсныхаа дараа химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба:
“Нэр хүндтэй шагнал гардан авсандаа туйлын баяртай байна, цаашид хийж бүтээх урам зоригийг минь сэргээж байна. Шагналын 100 сая төгрөгөө үе мөч, зүрх судасны өвчнийг анагаах байгалийн гаралтай эм бэлдмэл хийхэд зориулна. Аливаа улсын хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологийн хөгжил байдаг. Манай улсын Засгийн газрын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, инновацийг дэмжих чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг нь энэ шагнал юм. Судалгаанд суурилсан бүтээл, бүтээгдэхүүн, ажил бол өрсөлдөх чадвар өндөртэй, ямагт хөгжин дэвшиж байдаг. Шинжлэх ухаан, нано технологи болон амьд биеийн хөгжлийн нууцад нэвтэрдэг химийн энэ сайхан мэргэжлийг эзэмшихийг залуучууд, өсвөр үеийнхэндээ зөвлөөд “Залуучууд, ирээдүй үеийнхнээс маань олон олон эрдэмтэн төрөн гарч улс орноо хамгийн өндөр хөгжилтэй болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй” гэж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ