Шинэхэн гавьяатууд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээн мандуулсны 104 жилийн маргааш тохионо. Энэхүү түүхэн өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Өөрийн салбартаа идэвх зүтгэл гаргаж, амжилт бүтээлээр манлайлсан эрхмүүд өнөөдөр төрийн хүндэт шагналаар мялаалгасан юм. Тэдний дунд чөлөөт бөх, жүдо бөхийн спортод хос гавьяатууд төрлөө.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа нар Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа. Тэд өнөөдөр шагналаа гардаж авсан.
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ДАШТ-ий хүрэл медаль, ААШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрх авсан Эрдэнэбатын Бэхбаяр, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан Пүрэвжавын Өнөрбат нар мөн Монгол Улсын гавьяат тамирчин боллоо.
Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар Энэтхэг улсын зургаан хотод анх удаа зохион явагдаж буй "Pro Wrestling League"-н тэмцээнд барилдсан, тэд энэ сарын 30-ны өдөр эх орондоо ирэх билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ