Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эмийг энэ сарын 28-ны өдрөөс эхлэн бүртгүүлсэн хүмүүст тарааж эхэлсэн. Уг эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Асуулт: Хепатитийн С вирүсийн халдварыг эмчлэх Харвони эм орж ирсэн талаар мэдээлэл гарч байна, энэ талаар тодруулга өгнө үү?
Харвони эмийг үйлдвэрлэгч Гилеад Сайнс компани, түүний Монгол Улс дахь албан ёсны борлуулагч Омбол ХХК нь тус эмийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оруулж ирсэн. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрээс эхлэн хепатитийн С вирүсийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхлээд байна.
ЭМСЯ нь гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам. доллараар зарагддаг тус эмийг үйлдвэрлэгч нь болох АНУ-ын Гилеад сайнс компанитай Хүртээмж хөтөлбөрийн хүрээнд 1200 ам. доллараар Монгол Улсад оруулж ирэх, борлуулах тохиролцоонд хүрсэн юм. Эм орж ирэх хүртэлх хугацаанд ЭМСЯ нь Хепатитийн С вирүсийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулж, нийт аймаг, дүүргийн, мөн улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн 130 гаруй эмчийг сургаад байна. Мөн ХӨСҮТ дээр тусгай програм хангамжийг боловсруулж, хепатит С вирүсийн халдвартай, эмчилгээ шаардлагатай иргэдийг бүртгэж байна.
Асуулт: Хепатитийн С вирүст халдвартай хүмүүс эмчилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Хэрвээ та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа эсвэл өмнө нь хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирүсийн халдвартай гэж тогтоогдож байсан бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төмөр замын нэгдсэн эмнэлэг, БХХСАХНЭ-ийн дотор, халдвартын сургагдсан эмч нарт хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн, бүртгэлд орж цахим жор бичүүлэн эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
Хепатитийн С вирүсийн халдварын эмчилгээ хийх улсын эмнэлгийн жагсаалт
Хэрвээ та өөрөө хүсвэл нийслэл Улаанбаатар хот дахь дараах хувийн хэвшлийн эмнэлгийн сургалтад хамрагдсан эмч нарт хандан мөн эмчилгээнд хамрагдаж болно.
Эмнэлэгт зөвхөн эмчийн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээ хийгдэж, эмчилгээний талаар зөвлөгөө өгч, хяналтыг тавих ба аливаа эмч, эмнэлэг хепатитийн С вирүст халдварыг эмчлэх эмийг олгож, худалдахгүйг анхаарна уу.
Асуулт: Хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх шинжилгээг хаана хийлгэх вэ?
Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад элэгний үйл ажиллагааны шинжилгээг хийлгэж болно. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийх чадавхи бүхий хүсэлт гаргасан төрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хөндлөнгийн хяналт хийж дараах лабораториудыг шалгаруулсан. Эдгээр лабораторид вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийлгэсэн байх ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах ба харин С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг өөрөө хариуцаж байгаа.
Улаанбаатар хот дахь хепатитийн С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийх лабораторийн жагсаалт
Асуулт: Эмчилгээнд хамрагдахын тулд нэн тэргүүнд ямар шинжилгээг өгсөн байх ёстой вэ
Нэн тэргүүнд элэгний үйл ажиллагааны сорил, вирүс тоолох шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ.
Асуулт: Орон нутгийн иргэд шинжилгээнд яаж хамрагдах вэ
Одоогоор аймгуудад С вирүс тоолох шинжилгээ хийгдэхгүй байгаа тул иргэн Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно. Мөн аймгуудэрх бүхий лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно.
Асуулт: Хепатит С вирүсийн халдварыг эмчлэх ямар эмийг сонгох вэ?
Дээр дурдсан эмнэлэгт зөвхөн мэргэшсэн эмчийн хийсэн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээг үндэслэн таныг хепатитийн С вирүсийн халдвартай, мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохыг анхааруулж байна. Эмчийн дүгнэлтийг үндэслэн эмчилгээ хийлгэх эсэхийг зөвхөн өвчтөн та өөрөө шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ хепатитийн С вирүсийн халдварыг эмчлээгүй тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар зэрэг амь насанд аюултай өвчин үүсэх магадлалтайг санах хэрэгтэй.
Одоо Монгол Улсад бүртгэлтэй Совалди® (Софосбувир 400мг), Харвони®(Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байна.
Асуулт: Харвони эмийг хэрэглэхэд ямар нэгэн дэглэм барих шаардлагатай юу?
Харвони эмийг хэрэглэж байгаа өвчтөн эмчийн зааврыг заавал мөрдөх хэрэгтэй. Эмийг өдөр бүр тогтмол цагт таслахгүй уух, эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Асуулт: Эмчилгээний үргэлжлэх хугацаа ямар байх вэ?
Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй өвчтнүүд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй өвчтнүүдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай өвчтнүүдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан үе шатандаа буй элэгний хатууралтай өвчтөн болон хепатитийн С вирүсийн архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй байна.
Асуулт: Харвони эмийг хэрэглэж болохгүй эсрэг заалт байдаг уу
Одоогоор байхгүй байна. Гэхдээ бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан болон бөөрний архаг дутагдалтай өвчтөнд тунг зөвлөх боломжгүй
Асуулт: Харвони эмийг хаанаас ямар эмийн сангаас худалдан авах вэ?
Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгоно. Эмийн сангуудын дэлгэрэнгүй жагсаалтыг Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Омбол ХХК-ны цахим хуудаснаас тус тус авч болно. Мөн эдгээр эмийн сангийн талаарх мэдээлэлийг эмчилгээг хариуцаж байгаа эмч нар та бүгдэд өгнө.
Харвони эмийг худалдаалах эмийн сангийн жагсаалт
Жагсаалтыг ЭНДЭЭС харна уу.
Асуулт: Харвони эмийн үр дүн, найдвартай эсэх талаар тодруулга өгнө үү
Харвони болон бусад аливаа шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас өмнө Хүнс, эмийн агентлаг (FDA) нь маш хатуу хяналтыг тавьж, эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна.
Хүнс, эмийн агентлаг (FDA) нь судалсан шинэ эмэнд баталгаа өгөхдөө судалгааны ажлыг хянах, хэлэлцэх, эмнэлзүйн туршилт, хүний эд эрхтэнд үзүүлэх хор нөлөө, эрсдлийн шалтгааныг судалж, хүний бие махбодид тохиромжтой, аюулгүй эсэх талаархи мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн үр дүн, аюулгүй байдлыг эм үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг үнэлж дахин магадлан улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Одоогийн байдлаар Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна.
Харвони эмийн үр дүнгийн талаар хөндлөнгийн судалгаа хийгдсэн байна. Тухайлбал Япон Улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарсан байна.
Асуулт: Гадаадад байгаа Монгол улсын иргэн эм авч болох уу?
Зөвхөн Монгол улсад амьдарч байгаа иргэдэд эмийг хөнгөлттэй үнээр олгоно.
Асуулт: Эмийг хэрхэн яаж түгээж байгаа вэ?
Эмчдээ үзүүлээд жороо бичүүлсний дараа эмч жорыг цахимаар Омбол ХХК-д илгээж, улмаар холбогдох эмийн сангаас нь утсаар өвчтөнтэй ярина. Өөрөөр хэлбэл зөвхөн эмчээс цахим жор ирсэн өвчтөнтэй л утсаар холбогдоно.
Асуулт: Эмийг 3 сар буюу 1 курс эмчилгээний эмийг нэг дор өгч болох уу?
Асуулт: Төлбөрийг яаж хэрхэн яаж төлөх вэ?
Асуулт: Харвони эмийн хангамж хүн бүхэнд хүртээмжтэй байх уу, дараагийн эм хэзээ хэдэн ширхэг орж ирэх вэ?
Одоогийн байдлаар эмчлүүлэх шаардлагатай гэж бүртгэгдсэн хүмүүст хүрэлцэхүйц хэмжээний эмийг оруулж ирсэн. Цаашид ч эмийг хэрэгцээт тоо хэмжээгээр тасралтгүй оруулж ирэхэд Гилэйд сайнс компанитай хамтран ажиллаж байна.
Асуулт: Хепатитийн С вирүст халдварын оношилгоо, эмчилгээний талаарх лавлагааг хаанаас авч болох вэ?
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд эмч, мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах, оношилгоо, эмчилгээг хянах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эрх, үүрэг бүхий байгууллага бөгөөд цаашид дээрхи бүх үйл ажиллагааг гардан хариуцах болно. Тиймээс элэгний С вирүст халдварын эмчилгээ, оношлогооны талаар лавлаж тодруулах зүйлээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn – цахим хуудсаас мэдээлэл авна уу.