
Монголын үндэсний бөхийн холбооноос монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх санаачилгаар 6002 бөхийн барилдааныг 2011 оны есдүгээр сард зохион байгуулсан. Анх 4096 бөх барилдуулна гэж байсан ч бүртгүүлсэн бөхчүүдийн тоо 6000 давсан учраас Төв цэнгэлдэх хүрээлэнд 6002 бөхийн барилдааны нэгээс гурвын даваа хүртлэх барилдаан болсон билээ. 9-р сарын 17-нд нээлтээ хийж, ес хоног үргэлжилсэн, 13 даваатай бөхийн барилдааны түрүүгээр Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны бөх, улсын заан Ч.Санжаадамба тодорч, улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм. Харин энэ барилдааныг зохион байгуулагчдын зүгээс “Монгол бөх Гиннест” арга хэмжээг сайн дураараа дэмжих дэмжигчдийг бүртгэж тэднийг номонд мөнхлөн үлдээх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байлаа. Тэгвэл МҮБХ, “Монгол бөх Гиннест Сайн үйлсийг дэмжигчид” номыг хэвлүүлсэн байна. Энэ үйл ажиллагаанд сайн дураараа хандиваа өргөж нэрээ мөнхөлсөн хүмүүс 10.000 төгрөгөөр номыг худалдан авах бол бусад хүмүүст 15.000 төгрөгөөр худалдах ажээ. Энэ ажилд 820 хүн өөрсдийн сайн дураар тус бүр 50 мянган төгрөгийн хандив өргөжээ. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүдээс гадна Тод манлай уяач, хувь хүмүүс, томоохон компанийн удирдлага хандиваа өргөж энэ үйлсийг дэмжсэн байна. МҮБХ-ноос жил бүрийн 1-р сарын 13-ны өдөр зохион байгуулдаг шинэ үндсэн хуулийн баярын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг энэ сарын 12-ны өдөр явуулахаар болжээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ