Нэгдсэн байгууллагуудыг С.Пүрэв, С.Мэндсайхан нар удирдах уу

Шинэ он гарч, 2016 оны төсвийн хууль хэрэгжиж эхэллээ. Яамдыг цөөлж, төсвийн цөөнгүй байгууллагыг нэгтгэж, тэвчиж, хасч, танаж болох бүхнийг жанжин шугамаа болгож оруулж ирсэн төсвийг УИХ өнгө зүсийг нь өөрчилж, Засгийн газрын цөөн хэдэн “хүсэлт”-ийг биелүүлсэн. Тэрний нэг болох Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх асуудал шинэ он гарангуут яригдаж, цөөнгүй хүнийг халж, цомхотгох асуудал яригдаж эхлэв.
Гааль болон татварын байгууллагын нэгтгэснээр 250 гаруй хүн ажилгүй болно гэх мэдээлэл тарж эхлэв. Хоёр байгууллагын удирдлагаас эхлээд энгийн байцаагч хүртэлх цөөнгүй хүний ажил, албан тушаалын асуудал яригдаж, хэн нь хаачих уу гэсэн асуулт ундарч байна. Үүнтэй зэрэгцээд шинээр байгуулагдах газрын дарга хэн болох уу гэсэн асуулт ч тавигдав. Одоогийн яригдаж буй хувилбараар Сангийн дэд сайд асан С.Пүрэв шинээр байгуулагдах ерөнхий газрын даргаар ажиллана гэсэн сураг байна. Засгийн газрын шийдвэрээр дэд сайдын албан тушаалаа өгсөн тэрбээр одоо Сангийн сайд Б.Болорын ахлах зөвлөхөөр ажиллаж буй юм.
Харин Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болж, хэн даргаар очих асуудал одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэ нэгтгэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буй. Хэдхэн хоногийн өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээж, хэд хэдэн зүйлийг шаардсан. Статистикчид Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, ямар ч халаа сэлгээ хийхгүй байхыг хүссэн. Мөн шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайхан томилж, хэнийг ч халж сэлгэхгүй байхыг Засгийн газрын тэргүүнд “хатуу сануулсан”. Тэдний шаардлагыг үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ