Татварын баримтаа авч сугалаанд оролцоорой

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Мини хайпер маркет"-д очиж худалдан авалт хийж баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэн баталгаажууллаа. НӨАТ-ын хуулийн талаар Ерөнхий сайд албан өрөөндөө хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:
-Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтынхаа баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэхээс гадна зөвхөн татварын 1800 байцаагч бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байгаа юм. Иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож байгаагаараа давуу талтай юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч далд, бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болж байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя. Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно гэж нэхэж авах хэрэгтэй хэмээлээ.
Иргэд цахим хаягаараа ebarimt.mn-д бүртгүүлж, дансны дугаараа бүртгүүлэх юм байна. Иргэн худалдан авалт хийсэн баримтаа бүргүүлэхэд тэр дор нь баталгаажуулж өгөхгүй, гурав хоногийн дотор багтан баталгаажуулах юм. Буцаан олголтыг жилд нэг удаа буюу аж ахуйн нэгжүүдийн тайлан гарсны дараа буюу шинэ оны эхний сард олгох аж. Тухайн хүний бүртгүүлсэн данс руу оны эхний сард автоматаар шууд орох юм байна. Тус сайтад одоогоор 330000 аж ахуйн нэгж холбогдсон байна. Гэхдээ иргэд НӨАТ төлдөг байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хоёр хувийн буцаан олголт авах боломжтой юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулиар татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20, худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувийг урамшуулал, сугалаа хэлбэрээр буцаан авах боломжтой.
Эхний ээлжинд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагаас иргэдэд хэвлэн өгдөг төлбөрийн баримтыг шинэ стандарт бүхий загвараар баталжээ. Шинээр баталсан төлбөрийн баримтад тухайн худалдагч байгууллагын нууцлалын бар код, байгууллагын лого, татвар төлөгчийн дугаар, худалдан авалтын үнийн нийт дүн зэрэг мэдээллийг багтаасан байна. Төлбөрийн бүх баримт шинэ загварын дагуу хэвлэгдэх аж. Уг төлбөрийн баримтад үндэслэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгож, урамшууллын сугалаанд оролцуулах юм байна.
Дээрх баримтад тулгуурлан иргэд, аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хоёр хувийг нь буцаан олгоно. Татварын буцаан олголтод дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвар хамаарна. Мөн үүнээс гадна иргэд хоёр долоо хоног тутам сугалаанд оролцох боломжтой юм байна. 22 тэрбум төгрөгийн сантай энэ сугалаанд сард хоёр удаа оролцох аж. Хэзээ ямар сугалаанд оролцох ёстойг ebarimt.mn-ээр байршуулах юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ