Армийнхан сөргөлдөөний бүсэд халджээ

Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчид энэ ням гаригт сөргөлдөөний бүсэд армийнхан гэнэт халдаж, “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээг ноцтой зөрчсөн хэмээн өөрийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав. Армийнхан энэ сарын 3-4-нд шилжих шөнө Минскийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй Донецк мужийн газар нутагт халджээ. Оршин суугчдын мэдээлснээр “Армийнхан нэвтэрсний дараа хэд хэдэн удаа буун дуун сонсогдсон” гэсэн байна.
“Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч Александр Захарченко “Бид Минскийн гэрээг дагаж, мөрдсөөр байгаа. Бид армийнхны гэнэтийн дайралт зэргийг бүртгэж, тэмдэглэж авсаар байна. Дараагийн “Нормандын дөрвөл”-ийн уулзалтын үеэр энэхүү тоо баримтыг олон улсад танилцуулах болно” гэж мэдэгджээ.
Киевийн удирдлагууд “Энэ сарын 3-4-нд шилжих шөнө армийнханд сөргөлдөөний бүсэд дайралт хийх зөвшөөрөл олгоогүй. Салан тусгаарлагчид худал мэдээлэл нийтэд түгээж байна” хэмээн хариу мэдэгдсэн байна. Салан тусгаарлагчдын мэдээлснээр армийнхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-31-ний өдрүүдэд сөргөлдөөний бүсэд нэвтэрч 11 удаа гал нээсэн гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ