Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 01 сарын 6-наас эхлэн 01 сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан 2016 оны Цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн бүртгэл явуулах бэлтгэл ажлаа хэрхэн хангасан тухайгаа танилцуулж, цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгөв.
Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явуулахад бэлэн болж, дүүргүүд энэхүү ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулж байна. Мөн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар дүүргүүдийн цэргийн штабын дарга нар танилцууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар үүрэг өглөө. Үүнд: Цэргийн үүрэгтний бүртгэлийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэх, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх, иргэн цэргийн үүргээ биелүүлэх бүхий л боломжийг хангаж ажиллах, Тоо бүртгэлийн явцад нэмэгдсэн иргэдийн мэдээллийг мэдээллийн санд үнэн зөв, бүрэн оруулах, Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгааг гаргах, Мэдээллийн аюулгүй байдал, нууцын журмын чанд мөрдөж ажиллах.
Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүргүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь зураг /, Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Уншиж байна |