ГЕГ-ын барилгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлнэ

Төсвийн хуулийн дагуу Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж буй.
Тэгвэл нэгдсэн байгууллагуудын удирдлагыг Засгийн газраас томилсон байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Мэндсайханыг, Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Пүрэвийг томиллоо.
Байгууллагуудыг нэгтгэж буйтай холбогдуулан Ц.Пүрэвдоржийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Д.Бэхбатыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын, Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.
Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж буйтай холбогдуулан Ц.Нанзаддоржийг тус хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын зориулалттай барилгыг захиргааны хэргийн шүүхүүдийн нэгдсэн байрны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ