800 иргэн байнгын ажлын байртай болно

img

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтанд зориулж Зочид буудлын үйлчилгээний салбарт ажиллах иргэдийн сонгон шалгаруулалт  “Корпорате” зочид буудлын “Улаанбаатар” танхимд үргэлжилж байна. Энэ үеэр Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноровоос дараах тодруулгыг авлаа.

 

-Хичнээн хүнийг шалгаруулж ажилд авах вэ?

 

-Нийтдээ 3200 хүн шинээр нэмж ажилд авах шаардлагатай байгаа. Үүнээс 1800 нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа 44 зочид буудалд ажиллаж байна. 600 нь уулзалтын үеэр түр ажиллагч буюу хөтөч, орчуулагчаар ажиллах юм. Хөтөч, орчуулагчын бүртгэл одоогоор эхлээгүй байна. Зочид буудлын үйлчилгээний 11 чиглэлээр нэмж 800 хүн шалгаруулж авахаар ажиллаж байна. Зочид буудлууд өөрсдөө сонгон шалгаруулж авах учраас ажлын байр нь бэлэн байгаа гэсэн үг.

 

-11 чиглэлээр гэхээр мэдээж тогооч, зөөгч ажилд авах байх. Өөр?

 

-Ахлах тогооч, бэлтгэгч, угаагч, оффисын үйлчлэгч, давхарын жижүүр, зочин угтагч, хаалгач, өрөөний болон нийтийн талбайн үйлчлэгч зэрэг чиглэлээр ажилтан шалгаруулж байна. АСЕМ-ийн зочдод үйлчлэх 800 хүнийг сонгож авахын тулд эхний ээлжинд 14 хоногийн хугацаанд Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвд бүртгэл явуулсан. Ингэснээр зочид буудалд ажиллах сонирхолтой 1600 хүнийг бүртгэсэн. Харин дээрх 1600 хүнээс 800-г нь сонгон шалгаруулах ажил өчигдрөөс эхлэн явагдаж байна. Зочид буудлууд өөрсдийн тавьж буй тодорхой шаардлагад үндэслэн сонгож авахаар иргэн бүртэй уулзаж  байна. Одоогийн байдлаар 247 хүнийг буудлын зохион байгуулагчид сонгож аваад байгаа.

 

-800 иргэн байнгын ажлын байртай болно гэсэн үг үү?

 

- АСЕМ-ийн уулзалтын үеэр энэ хүмүүс ажиллана. Уулзалтын дараа нь тухайн буудлууддаа үлдэж байнгын ажлын байртай болно. Үүнийг бидний зүгээс зочид буудлын эздэд үүрэг болгож байна. Хөтөч орчуулагч бол мэдээж түр ажлын байр.

 

-Гол нь ажилгүй иргэдийг хамруулна гэсэн шүү дээ?

 

-АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зочид буудлын үйлчилгээний салбарт ажиллах 16-34 насны хүмүүсийг бүртгэсэн.  Бүртгүүлсэн иргэдийг харахад бүгд л ажилгүй, байнгын ажлын байртай болъё гэсэн хүсэл сонирхолтой хүмүүс байна. Зочид буудлын үйлчилгээнд шаардлагатай 11 чиглэлд ерөнхий шаардлага тавигдаж байгаа. Мэдээж зөөгч, бармен гэхэд ахимаг насны хүн байхгүй нь ойлгомжтой. Тогооч гэхэд арай өндөр шаардлага тавигдах зэргээр мэргэжил тус бүрт өөр өөр шаардлага тавьж байна.

 

-Сонгогдсон хүмүүс сургалтанд сууна гэсэн. Хэзээ эхлэх вэ?

 

-Бүртгэл энэ долоо хоногт дуусна. 800 хүнээ бүгдийг нь сонгоод дууссаны дараа сургалт эхэлнэ. Сонгогдсон хүмүүсээ зочид буудлуудад шаардлагатай байгаа 11 мэргэжил тус бүрт нь хуваагаад чиглэл тус бүрээр нь мэргэжлийн ур чадвар олгох 45 хоног, нэг сар, хоёр сар зэрэг хугацаатай сургалтанд хамруулна. Сургалтанд сургаад үндсэндээ мэргэжлийн ур чадвартай 800 ажилтнаа зочид буудлуудад өгнө гэсэн үг. Мөн одоо ажиллаж байгаа 1800 хүнээ мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд сургана.

 

-800 хүний сургалтын зардал, санхүүг хэрхэн шийдэх вэ?

 

-Энэ бүх хүмүүсийн сургалтын зардал, сургалтын байгууллагын санхүүгийн асуудлыг Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлж байгаа. Мөн АСЕМ-ийн ажлын албанаас 80 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.

 

-Зочид буудлууд ажилд орох хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавьж байна вэ?

 

-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 44 буудал АСЕМ-ийн зочдод үйлчлэх юм. Зарим нь огт ажилтнаа аваагүй, дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа шинэ буудлууд байна. Жишээлбэл, “Сити” зочид буудал шаардлагатай байгаа 11 мэргэжлээр биш цаашдынх нь үйл ажиллагаанд шаардлагатай байгаа олон мэргэжилтнийг хайж энэ бүртгэлд оролцож байна.  Ерөнхийдөө ажлын туршлага, ур чадвар л харж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БАйнгын ажлын байр ч гэх шиг. Хорвоо дээр тийм юм байдаггүй юмаа. Тэгээд ч тэр АСЕМ чинь нэг л удаа зохион байгуулагдана. Дараа нь эргээд нөгөө хэлэн зочид буудал энэ тэр нь ажилгүй л болно ш дээ. Юундаа ингэж худлаа сүр бадруулж байдаг юм бол???
2016-01-06
dfsda:
fasdf
2016-01-05