Номлогчийн үхэл хоёр улсыг зөрчилдүүлэв

img

Их Британийн “www.telegraph.co.uk” сайт Саудын Араб болон Иран улсын хооронд үүсээд буй маргааны талаар нийтэлжээ.

 

 

Саудын Араб улсын удирдлагууд энэ сарын 2-нд терроризмын хэрэгт буруутгаж 47 хүнийг цаазалсан билээ. Цаазаар авахуулсан хүмүүсийн дунд шийтийн шашны номлогч Нимр аль Нимр байжээ. Нимр аль Нимр бол шийтийн шашныг дэлгэрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Тэрээр олон жилийн турш цөөнх гэгддэг шийт шашинтнуудын эрхийг хамгаалж, Саудын Арабын удирдлагуудтай зөрчилддөг байжээ.

 

Түүнийг цаазаар авсан гэх мэдээллийн дараа нийт иргэдийн 90 орчим хувь нь шийтийн шашин шүтдэг иранчууд дургүйцлээ илэрхийлж, Тегеран хотноо байрлах Сауд Араб улсын элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Жагсагчид энэ сарын 3-нд Элчин сайдын яамыг галдан шатааж, тус улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын амь насанд заналхийлсэн билээ. Уг үйл явдлын улмаас хоёр улсын харилцаа эрс муудаж, Вашингтоноос шашны мөргөлдөөн гарахаас урьдчилсан сэргийлэхийг сануулсан юм.  

 

Элчин сайдын яамыг галдан шатааж, тус улсад заналхийлсэн хэмээн үзэж Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль Жубейр энэ сарын 4-нд Иран улстай байгуулсан дипломат харилцаагаа тасалж буйгаа зарлаж, иранчуудын уур хилэн дээр тос нэмж орхив. Тэрбээр сэтгүүлчдэд дипломат харилцаагаа цуцалж буйгаа “Саудын Араб улсын Элчин сайдын яам руу халдсан хэрэг олон улсын конвенцыг зөрчиж байна. Ираны босогчид манай эх орны аюулгүй байдалд заналхийлэхийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ. Мөн Ираны дипломат ажилчдыг 48 цагийн дотор эх орныг нь орхин гарахыг сануулсан бөгөөд эсэргүүцэл үзүүлвэл хүч хэрэглэхээ мэдэгдсэн билээ.  

 

Иран даяар тус улсыг эсэргүүцэх хүмүүсийн тоо нэмэгдсэнээс гадна шийтийн шашинтнууд зонхилдог Ирак, Бахрейн улсад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж эхэлсэн байна.

 

 

Нимр аль Нимр гэгч хэн бэ?

 

Нимр аль Нимр гэх нэрийг дэлхий нийтээрээ сайн мэдэхгүй ч гэлээ түүнийг хайрлан хүндэлдэг иргэдийн тоо аль хэдийнэ саяыг давсан. Түүнийг номлогч гэхээсээ тэмцэгч хэмээн иранчууд хэлэх дуртай. Учир нь тэрээр исламын шашны цөөнх гэгддэг шийтүүдийн эрхийг хамгаалж олон ч удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, олон нийтэд танигджээ.

 

 

2011 оны дөрөвдүгээр сард Нимр аль Нимрээр ахлуулсан олон мянган хүн шийт шашинтнуудын эсрэг хэрэгжүүлж буй Саудын Арабын удирдлагуудын бодлогыг буруутгаж, кампанит ажил зохион байгуулж байсан юм. Тус улсын удирдлагууд шашны мөргөлдөөн гарахаас сэргийлэн 2012 оны нэгдүгээр сард түүнийг баривчилж, терроризмыг өдөөн турхирсан хэмээн буруутгажээ. Улмаар түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэж, тэвчихийг аргагүй эрүү шүүлт амсуулсан юм. Тэрээр энэ тухайгаа 2014 оны гуравдугаар сард болсон шүүх хурлын үеэр “Би хэзээ ч галт зэвсэг барьж, хүн болон амьтны аминд хүрч байгаагүй. Мөн би хэзээ ч олон нийтийг хүчирхийлэлд уриалан дуудаж байгаагүй. Би зүгээр л шийтийн шашинтнуудыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нүцгэн гараараа тэмцсэн” хэмээн мэдэгдэж байжээ.

 

Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, цаазаар авах ялаар шийтгэсэн юм. Нимр аль Нимрийг баригдсаны дараа шийтийн шашинтнууд эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн удаа зохион байгуулсан ч шүүхийн шийдвэрийг өөрчилж чадаагүй билээ. Түүнтэй хамт 46 хүнийг цаазалсан байна. Цаазлуулсан хүмүүсийн дунд Чад, Египетийн иргэд байсан аж. Харин үлдсэн нь Арабын иргэншилтэй хүмүүс байсан гэнэ.

 

 

Суннит болон Шийт

 

Түүхэнд тэмдэглэснээр тэнгэрийн хүү гэгддэг Мухаммед таалал төгссний дараа исламын шашин дотроо хоёр хуваагдсан гэгддэг. Иран, Иракийн иргэдийн ихэнх нь шийтийн шашин шүтдэг бол Саудын Араб, Сири, Турк, Йемен, Ливи, Египет, Израйль, Катар улсад суннитын шашин голлодог байна.  

 

Саудын Арабын иргэдийн 98.7 хувь нь суннитын шашин шүтдэг. Нийт исламын шашинтнуудын 87 хувийг суннитийн шашинтнууд үлдсэн хувийг нь шийтийн шашинтнууд бүрдүүлдэг байна.

 

 

Түүх давтагдав

 

Номлогчийн үхлээс болж хоёр улс дахин зөрчилдөж эхэллээ. Саудын Араб болон Иран улс нэг бус удаа дипломат харилцаагаа таслаж байсан юм. Эргэн сануулвал, 1987 онд зохион байгуулагдсан хаж мөргөлийн үеэр шийтийн шашинтнууд буюу иранчууд Саудын Араб улсын Мекка хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Тегеран дахь тус улсын элчин сайдын яам руу халджээ.

 

Энэхүү үйл явдлын дараа хоёр улс дипломат харилцаагаа тасалсан түүхтэй. НҮБ-ын дэмжлэгтэйгээр хоёр улс 1991 оны хоёрдугаар сард эвлэрч, харилцан элчин сайдын яамаа нээж байжээ. 2007 онд түүхэндээ анх удаагаа Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Саудын Араб улсад долоо хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байсан юм.

 

 

Тэд нүглээ хаацайлж чадахгүй

 

Шашныг нь гутаан доромжилсон Саудын Арабын удирдлагуудаас уулчлалт гуйхгүй гэдгээ Ираны Гадаад хэргийн сайдын орлогч Хоссейн Амир Абдоллахиан мэдэгдсэн байна. Тэрбээр өчигдөр “Саудын Араб улс манай улстай байгуулсан дипломат харилцаагаа тасласнаараа өөрсдийн нүглээ хаацайлж чадахгүй гэдгийг мэдэгдье” гэж хэлжээ. Мөн Ираны Ерөнхийлөгч хүртэл номлогчийн үхэлтэй холбогдуулан тус улсын удирдлагуудаас тайлбар хүссэн байна.

 

 

Зөрчилдөөн нефтийн үнэд нөлөөлжээ

 

Нимр аль Нимрийг цаазаар авсны дараа хоёр улсын удирдлагууд зөрчилдөж, олон улсын анхаарлын төвд орсон билээ. Тэгвэл тэднийг зөрчилдөж байх хойгуур нефтийн үнэ өссөн талаар “AFP” агентлаг уламжлав. Тус агентлагийн мэдээлснээр нэг баррель нефтийн үнэ 2.9 хувиар өссөн гэнэ.

 

Зөрчилдөөн эхлэхээс өмнө буюу энэ сарын 1-ний байдлаар нэг баррель нефтийн үнэ 38.1 доллар байсан бол одоогоор 38.46 доллар болжээ. АНУ тэргүүтэй барууны орнууд Нимр аль Нимрийн үхлээр далимдуулан нефтийн үнэд нөлөөлсөн хэмээн Ираныг буруутгасан бол олон улсын хэвлэлүүд болон  шинжээчид Саудын Араб улс нефтийн үнэ дээр тоглолт хийж байна гэж үзсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ