Галт зэвсгийн хяналтыг чангатгана

АНУ-д галт зэвсэгтэй холбоотой олон халдлага гарч буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Барак Обама шинээр галт зэвсэг худалдан авагчдын талаарх мэдээллийн системийг өргөжүүлэхээр болсноо мэдэгджээ. Тус улсын Конгресс Галт зэвсгийн тухай шинэ хуулийг дэмжихээс татгалзсан хэдий ч Обама галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулийн төслийг өргөн барьсан байна.
Цагаан ордонд танилцуулсан шинэ хуулийн төсөлд зааснаар галт зэвсэг худалдаалагчид бүгд тусгай зөвшөөрөл авах ёстойгоос гадна худалдан авагчдын талаарх бүх мэдээллийг бүртгэх үүрэгтэй болсон байна. Мөн АНУ-ын мужийн захиргаа сэтгэцийн өөрчлөлттэй, гэр бүлээ хүчирхийлэгч, ял эдэлж байсан этгээдүүдэд галт зэвсэг худалдахгүй байхыг сануулсан гэнэ.
Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ 2012 онд Коннектикут мужийн Ньютаун хотын “Сэнди Хок” дунд сургуульд болсон халдлагыг жишээ болгон ярьсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Адам Ланза гэх хүү тус сургуулийг барьцаалж, 26 хүний аминд хүрсэн юм. Амиа алдагсдын 20 нь дунд сургуулийн сурагч байжээ. Сургуулийн халдлагыг жишээ болгон ярихдаа тэрбээр уйлсан байна. Обама “Галт зэвсгийн тухай шинэ хуулийн дийлэнх заалт нь гэмт этгээд болон аюултай этгээдийн гарт галт зэвсэг орохоос сэргийлэх зорилготой” гэж мэдэгджээ.
Бүгд найрамдахчууд Галт зэвсгийн хуулийг эсэргүүцэж “Ирэх нэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялалт байгуулвал энэхүү хуулийг халах болно” гэдгээ илэрхийлсэн байна.
Галт зэвсгийн хуулийн төсөлд өөрчлөлт орсноор Холбооны мөрдөх товчоо буюу “FBI” галт зэвсгийн хяналтыг 50 хувь нэмэгдүүлэхээс гадна зэвсгийн 230 шинжээч шинээр авахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ