Туркийн эрэгт 34 цогцос гарч ирэв

Өнгөрсөн оны есдүгээр сард Европыг чиглэн явж байсан цагаачдын завь осолдож, 15 хүн амиа алдсан билээ. Тус завины хамгийн бяцхан зорчигч гурван настай Алан Курди хүүгийн цогцос далайн давалгаанд туугдаж, Туркийн эрэг дээр ирсэн билээ. “Эрэг мөргөсөн хүн төрөлхтөн” гэх тайлбартай хүүгийн зураг олон нийтийн хэрэгслээр түймэр мэт хүчээ авч, иргэд Европын удирдлагуудыг дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриаласан юм. Тэгвэл өчигдөр 34 дүрвэгчийн цогцос Алан хүүгийнх шиг далайн давалгаанд туугдаж, Туркийн эрэг дээр ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Туркийн эргийн хамгаалагчид цогцсуудыг шарил хадгалах газар руу зөөвөрлөсөн байна. Тэднийг аль улсын иргэд болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Амиа алдагсад бүгд аврах хантааз өмссөн байсан гэнэ. Тэднийг нэг завинд зорчиж явсан хэмээн албаныхан таамаглаж буй юм.
Шинэ амьдрал хайж, Газар дундын тэнгисийг зориулалтын бус завиар гаталж буй олон мянган дүрвэгсэд зорьсон газраа хүрч чадалгүй амиа алдсаар байна. Өнгөрсөн онд 1500 орчим дүрвэгч амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ