Орхигдсон охиныг ээжтэй нь уулзуулав

Орцонд хүүхдээ хаясан эхийг олсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр цагдаагийн байгууллагаас ээжийг охинтой нь уулзуулах ажлыг зохион байгууллаа.
Орцонд орхигдсон 1 нас, 7 сартай охины биеийн байдал тааруухан байгаа учир ийнхүү ээжтэй нь уулзуулсан байна. Охин одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа юм.
Өнгөрөгч оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж охины ээжийг олсон.
Эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч өөрийн охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байгаа. Хуулийн дагуу Д-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Хүүхдээ хаясан ээжид хуулийн дагуу арга хэмжээ авна. Харин охин эмнэлгээс гарах үед ар гэрийнхнээс нь хэн нэгэн авч, өсгөх боломжгүй бол "Хүүхдийн төв сувилал"-д гурван нас хүртлээ өсөж, торних боломжтой. Тэндээс үрчлэгдээгүй, хэн нэгэн асран хамгаалахаар аваагүй тохиолдолд асрамжийн газарт очихоор хуулийн зохицуулалттай байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ