Сонгуулийн шоу эхэллээ

Сонгуулийн жилийн шоу шинэ тавилттайгаар сайхан үргэлжилж байна. Шинэ оны шинэ долоо хоногийн энэ өдрүүдэд Төрийн ордонд гишүүдийн хөл татарч, нам, эвслүүд бүлгийн хуралдаанаа орхиж, тэр ч байтугай шаардлагатай асуудал биш бол байнгын хорооны хуралдааны хуваарь ч цуцлагдлаа.
Энэ завсар УИХ-ын дарга өрөөндөө Монголбанкны Ерөнхийлөгч, МБХ-ны удирдлага, МИК-ын захирал зэрэг албаны хүмүүсийг байлцуулан Ипотекийн зээлийн асуудлаар хоёр цаг гаруй ярилцлаа. Уулзалтад УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хүртэл байхад БХБ-ын сайд З.Баянсэлэнгийг байлцуулсангүй. Бодвол, өөрийн биш өөр намын, тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн болохоор нь жийрхсэн юм болов уу. Томилогдсоноосоо хойш Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай албан уулзалт хийх гэж хөөцөлдөөд бүтээгүй тухайгаа сайд З.Баянсэлэнгэ хэлж байсан. Харин дээр уулзалтад З.Баянсэлэнгэ сайдыг оролцуулсан бол жинхэнэ албан ёсны уулзалт болох байсан биз. Уг нь энэ яриа АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд бус Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөнд өрнөж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрлэгдэх зүйл л дээ. Гариг андуурсан гэгчээр, намын бодлого, улс төрийн шийдэл хойно яая гэхэв.
Уулзалтаар” Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгон бууруулж болох ч 10 хувь хүргэх нь боломжгүй зүйл. Харин инфляци буурсан энэ үед орон сууцны жилийн 8 хувийн зээлийг 5 хувь болгон бууруулах боломжтой” гэсэн саналд хүрцгээв.
Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй гэдгийг спикер жишээлэн онцлов. 1 м2 нь 1.350 сая төгрөгийн үнэтэй 60 м2 байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого 1 сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангана гэж байна. Гэвч ипотекийн зээл хөөцөлдөж байгаа иргэдийн хамгийн өндөр даваа бол банк. Банкны шалгуурыг давсан тохиолдолд бүх зүйл ногоон гэрлээр бүтнэ. Үнэндээ өнөөдөр квот үнэгүйдсэн. Төр засгаас ипотекийн зээлийн хүүг 5 хувьд хүргэж, өрхийн орлого 1.5 сая төгрөг байлаа ч банк эрсдлээ тооцно. Тэд төр, засгаас гаргасан улс төрийн шийдвэрийг дагаж намирахгүй.
Иргэд бэлэн мөнгөөр худалдан авалт хийхэд орлого нь хүрэхгүй болоод л зээл хөөцөлддөг. Харамсалтай нь банкны шалгуур аль ч төр, засгийн үед өндөр хэвээр байсаар ирсэн, цаашид ч энэ босго нь намсахгүй биз. Харин дутагдаад байгаа орлогыг нь төр хариуцна гэсэн тогтоол гаргаж, тухайн зээлийг нь дааж байгаагаа алх тогшиж, тамгалсан тохиолдолд асуудал иргэний талд эергээр шийдвэрлэгдэж болох юм.
Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлын өнгийг хувиргажээ. Учир нь энэ яриа МАН засагт байх үед хүчтэй яригдсан учир автор сөрөг хүчнээр овоглогдох магадлалтай гэж үзсэн бололтой. АН-ын дарга, спикер З.Энхболд “Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох Д.Цогтбаатарын хувилбарыг дэмжих боломжгүй” гэж онцолж ирээд ярьж байна лээ. Гэвч орон сууцны урьдчилгааг 30 биш 10 хувь болгох яриа Шинэчлэлийн Засгийн газрын үед гарсныг эрхэм спикер мартаагүй байлтай. Ипотекийн зээлийн жилийн хүүг 5 болгох шийдвэрийг Цагаан сараас өмнө шийдвэрлэнэ гэсэн. Гэхдээ энэ шийдвэрийг цаасан дээр буулгасан ч амьдрал дээр олныг хамран хэрэгжинэ гэж итгэхэд бэрх.
Басхүү өнгөрсөн жил энэ оноос Хүүхдийн мөнгийг алагчилж олгохоор болж, олныг бухимдуулсан оршил тавиад буцаав. Өмнөх оны сүүлийн сарын хүүхдийн мөнгөө аваагүй эцэг эхчүүд бухимдаж, салбар банкууд руу өөд уруугүй утас цохисон. Мөн энэ онд хороо хорин дээрээ угаалгын машин, телевизтэй өрх амьжиргааны төвшингээр дээд зэрэглэлд жагсч, хүүхдийн мөнгөнөөс хасагдахаар болсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан амьжиргааны төвшин тогтоох шалгуурын зэрэглэлийг ямар үндэслэлээр хэн гэдэг нийгмийн амьдралаас төөрсөн мэргэжилтэн зохиосныг сураглаж, эрэлд гарч байв.
Хүүхдийн 20 мянган төгрөг гэдэг эдийн засаг хүнд ч бай, сайжирсан ч бай иргэдэд дэмтэй гэдгийг эрх баригчид мэддэггүй, мэдэрдэггүйг энэ оны төсөв хэлэлцэн шийдвэрлэхэд нийтэд харагдлаа. Зах зээлийн энэ нийгэмд баялаг бүтээгчид ч төрөөс хүүхдэд олгож байгаа 20 мянган төгрөгийг үр хүүхдийнхээ ирээдүйн хадгаламжид хийж, хуримтлал үүсгэж байгаа. Гэхдээ ийм хэсэг нийгмийн цөөнхөд багтах байх. Ихэнх нь хүүхдийн мөнгөөр өөрсдийнх нь сургууль, соёлоос нэхдэг элдэв татвар хураамжид зарцуулах, олон хүүхэдтэй айл сар сард ээлжлэн хүүхдүүдээ хувцаслах зэргээр зохицуулж, ажилгүй, орлогогүй иргэд амь зуулгаа залгуулж байгаа. Гэтэл хууль тогтоогчид хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нэрийдлээр нийтийг хамруулсан нь оны өмнөх бухимдал байлаа.
Нөгөөтэйгүүр шийдлийн Засгийн газрын тэргүүн хямралын үеийн эдийн засгийн төсөв боловсруулж, хөөсөрсөн төсвийг танаж, хасах бодлого барьсан нь сонгуулийн жилийн цаг хугацааг харгалзан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр улс төрийн өнцгөөс асуудалд хандан, журмаа хуучнаар нь үлдээхийг Ерөнхий сайдад үүрэгдэв. Улс төрийн намын дарга хэмээх хавсарсан албан тушаалтан томилогдон бодлогоо хэрэгжүүлдэг Ерөнхий сайд хэмээх албанд Ч.Сайханбилэгт эрхээ хэрэгжүүлэх мэдэл байхгүйг АН-ын дарга одоо ч өдөр бүр сануулаад байх биз.
Энэ мэтээр сонгуулийн жилийн шоу үргэлжилж, олон нийтийн хулхин дээр цэцэг ургуулсаар байх нь.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ