Германы Кёлын хотын галт тэрэгний буудлын орчимд шинэ оны өмнөхөн ганцаараа явж буй охид, бүсгүйчүүд рүү гэмт этгээдүүд халдаж, бие болон санааны хохирол учруулсан 80 гаруй хэрэг бүртгэгдсэн билээ. Хохирогчдын нэг нь хүчирхийлүүлсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Гэрчүүд “Гэмт этгээдүүд Африк болон Араб гаралтай иргэд. Тэд гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан” гэж мэдээлсэн байна.
Цагдаагийнхан эмэгтэйчүүд рүү халдаж, хүчирхийлсэн байх магадлалтай гурван этгээдийг саатуулсан талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ. Баригдсан этгээдүүд арабчууд гэнэ.
Кёлын хотноо сурвалжлага бэлдэж буй “ВВС” агентлагийн сэтгүүлч Женни Хилл өчигдөр хохирогч бүсгүйтэй уулзаж, ярилцсан байна. Хохирогч бүсгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гэмт этгээдүүдийн дайралтад өртөж гар утас, түрүүвч зэргээ алджээ. Тэрбээр “Над дээр таван эрэгтэй ирсэн. Тэд бүгдээрээ арабчууд байсан. Нэг эрэгтэй намайг зүгээр явахыг хүсч буй бол мөнгө, гар утас зэргээ өг гэсэн. Би айсандаа бүгдийг өгсөн. Тэд намайг дагасаар байсан учир би цагдаагийн газар очиж чадаагүй” гэж ярьжээ.
Канцлер Ангила Меркел ичгүүртэй хэрэг үйлдэж, охид, бүсгүйчүүдийг айлгасан этгээдүүдийг хурдан баривчилж, хуулийн дагуу шийтгэхийг үүрэгдсэн байна.
Эмэгтэйчүүд рүү халдсан байх магадлалтай 1000 гаруй этгээдийг мөрдөж эхэлсэн байна. Кёлын хотоос гадна Хамбург хотын эмэгтэйчүүд халдлагад өртжээ. Тус хотын цагдаагийнхан оройн цагаар нэмэлт эргүүл гаргаж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |