Ардын намын горилогчидтой танилц

Шинэ оны өмнөхөн улс төрийн хоёр том хүчин Сонгуулийн хуулиар тохиролцоонд хүрч аль алиныхаа эрх ашгийг тусгасан хуулийг баталж гаргалаа. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд яриа төдий явсан Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлд оны өмнөхөн цөөхөн хэдэн өөрчлөлт оруулаад л баталж орхисон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний хүсч байсан хяналтын тооллогын хувийг нэмэх, жагсаалтаар нэр дэвших хүмүүс таван тойрогт хуваагдаж, хамгийн олон санал авсан нь УИХ-д орж ирэх гэх мэт цөөхөн хэдэн өөрчлөлтийг оруулж баталсан юм. Мөн нэр дэвшигчийн хариуцлага, сурталчилгааны асуудлыг ч энэ хуульд нэлээд тодорхой тусгаж өгсөн. Улс төрийн том намуудад ээлтэй, жижгүүдэд халтай энэ хууль батлагдсан даруйдаа л маргаан дагуулж эхэлсэн. Гэвч энэ бол дараагийн асуудал. Хамгийн чухал нь хуулийн төслөө баталж чадсанаар тодорхойгүй байсан олон асуудлаа улс төрийн намууд шийдэж хэнийг хаана явуулах, хэн жагсаалт руу орж өндөр оноо намдаа авчрах вэ гэдгийг ярилцахад арай хялбар болсон гэхэд болно.
Хэдийгээр одоо таамаг төдий байгаа гэх боловч, улс төрийн намууд сар шинээс өмнө хэн тойрогт өрсөлдөх, намын жагсаалтад ямар нэр дэвшигчээ багтаах вэ гэдгээ шийдэх сурагтай. Улс төрийн намуудын Бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлийн хурлууд ээлж дараалан явагдаж нэр дэвшигчдийн нэр ч тодорхой болох аж. Хэвлэл мэдээллийн таамаглаж байгаа болон эртнээс сонгуулийн тойргоо эзэгнээд авчихсан хүмүүс ч тэдэн дунд цөөнгүй бий. Үндсэндээ хоёр намын 150 нэр дэвшигч, парламентад суудалгүй намуудын 50 орчим хүмүүс нийлээд 200 нэр дэвшигч л ирэх сонгуульд өрсөлдөнө. Тэдгээрээс улс төрийн хоёр том намаас хэн хаана нэр дэвших магадлал өндөр байгааг цуврал нийтлэлээр тоймлоё. Энэ удаад МАН-аас тойрогт болон жагсаалтад өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулъя.
МАН өмнөх сонгуулиар нэрээ сольсон, мөн мөнгөлөг эрхмүүдэд боломж олгож, залуусаа улс төрөөс жийснээрээ алдсан. Тэгвэл энэ удаад МАН мөнгөтэй нэгийг нь дагуулж эмэгтэй улстөрч. Туршлагатайг нь дагуулж залуусыг гэсэн зарчим баримтлах аж. Тухайлбал, Архангай аймагт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн нэр дэвших нь тодорхой болсон. Г.Тэмүүлэнтэй цуг Ж.Мөнхбатын нэр дуулдаж буй ч тэрбээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга учраас жагсаалт руу орчихсон. Тэгэхээр МАН-ын гишүүн, НДЕГ-ын дарга асан н.Алтанхуяг, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарын нэг Г.Тэмүүлэнтэй хамт явна. Баян-Өлгий аймагт МАН-аас НАМЭХ-ны гишүүн Ж.Сауле, Баян-Өлгий аймгийн МАН-ын дарга Г.Солтан, А.Гылымхан нарын нэр дуулдаж буй.
Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Баделханыг ч явуулах тохироо дээгүүр доогуур хийгдэж буй аж. А.Тлейхан гишүүний хувьд хоёр удаа намдаа суудал авчирсан учраас энэ удаад жагсаалт руу орох юм байна. Баянхонгор аймагт МАН-ын УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар, MCS компанийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нар нэр дэвших тохироо хийж байгаа бол Булган аймагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нарын нэрс дуулдав. Ё.Отгонбаяр гишүүний хувьд энэ удаад жагсаалтад орох магадлал өндөр бий. Говь-Алтайд дархлагдсан Ж.Энхбаярын хувьд энэ удаад намын жагсаалт руу орох магадлал байгаа ч Ц.Дашдорж тэр хоёрын аль нэг нь тойрог руу залуу танигдаагүй улстөрч, эсвэл эмэгтэй нэр дэвшигч дагуулан явах учиртай.
Дорноговь аймагт чамгүй ажил хийсэн аймгийн Засаг дарга П.Ганхуягтай МАН-аас Ж.Батсуурь, Болд төмөр ерөө гол компанийн захирал н.Дэлгэрсайхан нарын аль нэг нь өрсөлдөнө. МАН-ын даргаар ажиллаж байсан Г.Шагдарсүрэн магадлал өндөр байсан ч намынхаа эсрэг ажилласан хэмээн өнгөрсөн удаад баалуулсан учраас энэ удаад хоцорчээ. МАН Ж.Батсууриа жагсаалт руу татаж н.Дэлгэрсайханд итгэл үзүүлэх нь зөв гэж ярьж байгаа бололтой. Дундговь аймагт АН-аас “Мон-Уран”-ы Б.Наранхүү дархлагдсан. Тиймээс МАН-ын тооцооноос Дундговь гарчихсан. Тиймдээ ч аймгийн намын хорооны даргаа явуулах болов уу. Дорнодод энэ жил тун ширүүхэн тулаан болно. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай цуг МАН хэнийг явуулах вэ гэдэг нь сонирхолтой.
АН-аас нэр дэвших эмэгтэйчүүдийн эсрэг эрчүүдийн тоглоом өрнөх магадлал өндөр байгаа юм. Өвөрхангай аймаг МАН-ын гишүүдийн хувьд ёстой л том бялуу байгаа. МАН-аас энэ тойрогт олон хүний нэр дуулдаж буй. Тухайлбал, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар гэх мэтээр маш олон хүний нэр байгаа. Намаас итгэл үзүүлж буй ганц хүн нь Хөдөлмөрийн сайд С.Чинзориг. Өнгөрсөн сонгуулиар суудал авчихсан ч луйвардуулж орхисон түүнийг энэ удаад дахиад аваад ирнэ гэж нам нь итгэж буй. Харин түүнтэй хамт хэнийг явуулах вэ гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз. Завхан аймагт Д.Оюунхорол гишүүн хэд ч очсон сонгогдох тулхтай улстөрч. Гэвч тэрбээр хоёр ч удаа намдаа суудал авч, яам удирдахдаа хамгийн амжилттай ажилласан нэр хүндтэй улстөрч учраас намын жагсаалтад багтах номер нэг эмэгтэй улстөрч юм.
Тэгэхээр МАН “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу болон Завханаас өмнө сонгогдож байсан өөр улстөрчийг явуулах тухай ярьж эхэлжээ. Ш.Батсамбуу улстөрд шинэ ч нутагтай бол танигдсан нэгэн. Тиймдээ ч хашир улстөрчийг дагуулан шинэ залуу боловсон хүчнээ МАН сойж гэнэ. Өмнөговь аймагт Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ гэж дархлагдсан хоёр улстөрч АН-д бий. Тиймээс МАН Өмнөговь руу залуучуудаа явуулах болов уу. Монгол говийн хөгжил сангийн тэргүүн гэх битүү морь, аймгийн намын дарга асан М.Бадамсүрэн нарын нэр дуулдаж байгаа юм. Сүхбаатар аймагт МАН-аас УИХ-ын гишүүн асан Р.Буд нарын нэр дуулдаж буй. Сэлэнгэд Гадаад хэргийн дэд сайд асан Ж.Оюундарь гэх мөнгөлөг эмэгтэй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай хамт очно.
Төв аймагт Аймгийн намын хорооны дэд дарга залуу улстөрчийг УИХ-ын гишүүн Су.Батболдтой хамт явуулахаар аман тохироо хийгджээ. Увс аймагт МАН-аас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын аль нэг нь залуу улстөрч, эсвэл эмэгтэй улстөрч дагуулж очно. Хэн илүү мөнгө өгсөн нь жагсаалт руу орно гэсэн үг. Ч.Хүрэлбаатарт жагсаалт илүү ойрхон байх болов уу. Ховд аймагт МАН-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогт явж болох ч намын бүлгийн даргаар дөрвөн жил ажилласан учраас жагсаалт түүнд боломж олгох магадлал өндөр юм. Тэр тохиолдолд МАН намын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн, доктор Ж.Очбадрах, БСШУ-ы дэд сайд асан Я.Төмөрбаатар нарыг сойх аж. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатартай хамт очих, эс бөгөөс Л.Энх-Амгалан жагсаалт руу орж “Лидер кашмер” компанийн захирал, Аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболд, Л.Мөнхбаатар нар нэр дэвших нь. Хэнтий аймагт НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нэр дэвших нь тодорхой. Орхон аймагт МАН-аас О.Содбилэг залуу улстөрчтэй хамт очих яриа явж байна. Дархан-Уулд саяхан ажлаа өгсөн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан өрсөлдөх нь тодорхой болсон. Харин нийслэлийн тойргуудын хувьд Хан-Уулд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Б.Цогтгэрэл, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын нэр зоогджээ.
Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг, ХХАА-н дэд сайд асан Б.Батзориг, ХАХНХ-ын дэд сайд асан Б.Мөнхбаатар нар нэр дэвших магадлалтай байна. Чингэлтэй дүүрэгт ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт нарын нэр байгаа юм. Сүхбаатар дүүрэгт “Хас” банкны захирал Ч.Ганхуяг, НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа нарын нэр байгаа ч Ц.Цогзолмаа бол жагсаалтад урдуур жагсах нэр хүндтэй улстөрч эмэгтэй. Энэ намд эмэгтэйчүүдийн саналыг авчрахад түүний үүрэг их байсан учраас жагсаалт руу оруулах яриа бий. Харин Баянгол дүүрэгт Засаг дарга асан Л.Амгалан, эдийн засагч Н.Дашзэвэг, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил нарын нэр дуулдаж байгаа.
Сонгинохайрхан дүүрэгт “Бишрэлт” группийн Ерөнхийлөгч Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нарын нэр зоогджээ. Эдгээр нэр дэвшигчид дотор ганц нэгхэн өөрчлөлт хийгдэж, хэн хэдэн төгрөгийн хандив намдаа өгөхөөс шалтгаалж заримыг нь жагсаалтын хойд тал руу явуулах байдлаар шийдэх ч өнгөрсөн гурван жилийн улс төрийн сонгуулийн пиар зэргээс харахад нэр дэвших магадлал, намдаа өгөх өглөгөө бүрэн өгсөн хүмүүс тэд л байгаа юм.
Дээр хэлсэнчлэн Сонгуулийн хууль бүрэн шинэчлэгдэж, жагсаалтын гишүүд ч иргэдийн сонголтоор гарч ирэх болсон. Тэгэхээр МАН-ын нүүр царай хэн болох, намын рейтингийг өсгөх улстөрч хэн байх вэ гэдгийг шийднэ. Намын дотоод дүрэм ёсоор намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, бүс хариуцсан нарийн бичгийн дарга нар жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэх учиртай.
Тэр дараалал ёсоор, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, О.Содбилэг зэрэг мөнгөлөг залуусаар жагсаалт үргэлжлэх нь.
Намын нэр хүндийг өргөх гэдэг утгаараа дандаа тулхтай, буурьтай, нэр хүндтэй хүмүүсээ МАН жагсаалтад оруулахаар урьдчилсан байдлаар тохирчээ. Эдгээр хүмүүсээс гадна мөнгө төлсөн, тойрогт багтаагүй хэсэг бүлэг ч жагсаалтын урд руу дайрч орох магадлал их бий. МАН-ын Бага хурал нэр дэвшигчээ эцэслэн шийдээгүй ч тарааж буй бэлэг, тойргоо эргэх болсон эдгээр хүмүүс эртнээс намын даргатайгаа тохирсон нь тодорхой буй за.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ