Охиноо хаясан эх хорих ангийг илүүд үзэв үү
Шинэ он дөнгөж гараад л янз бүрийн сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл олон нийтэд түгсэн. Үүний нэг нь ой таван сартай бяцхан үрээ хаясан хатуу сэтгэлт эхийн тухай байлаа.
Эл хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гарсан бөгөөд Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-р байрны орцонд хүүхэд орхисон дуудлага цагдаагийн байгууллагад ирснээр илэрсэн юм. Охиныг олох үед биеийн байдал нь сайнгүй байсан учраас ЭХЭМҮТ-д хүргэж, эмчилгээ хийлгэсэн ч охин бараг амьд үлдэх боломжгүй хэмээн эмч нар хэлж байгаа юм.Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, охины ээжийг хайсаар энэ сарын 05-нд олжээ. Гэвч эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч нь охинтойгоо уулзахыг хүсэхгүй, бүр өөр дээрээ авах хүсэлгүй байгаагаа ч мэдүүлсэн нь түүнийг ямар хатуу сэтгэлтэй хүн болохыг гэрчилнэ.
Тэгвэл цагдаагийнхан түүнд ЭХ-ийн тусгай ангийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. ЭХ-ийн тусгай ангийн 117 дугаар зүйл буюу Хүүхэд хаях, төөрүүлэх зүйл ангийн 1-т “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Ямартай ч хатуу сэтгэлтэй энэ эмэгтэй төрүүлсэн охиноо бус хорих ангийг илүүд үзэж байгаа бололтой. Хэрвээ охин энэ байдлаараа байсаар амиа алдвал түүнд ногдуулах хариуцлага улам чангарах биз ээ.
Э.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ