“Дүнжингарав”-ынхан угтаж авсан түрээслэгчдээ хөөж гаргах нь

Таван одтой зочид буудлын зэрэглэлийн ариун цэврийн өрөөтэй, дэлхийн жишигт нийцсэн хэмээн сүржин рекламдаж, түрээсийн үнээ хэд дахин хямдруулж, бараг л бизнесээ үнэгүй эрхэл хэмээн наймаачдыг даллаж байсан Дүнжингарав худалдааны төвийнхөн зангаа хувиргаж эхэлжээ. Эл хуль, ихэнх лангуу нь хоосон байсан худалдааны төв нөхцөл байдал өөрчлөгдсөн бололтой, түрээслэгчдээ чангалж, айлгасан үгтэй мэдэгдэх хуудсыг хүртэл тараажээ.
150 мянган төгрөг байсан лангууны түрээс 1.8 сая, 75 мянга нь 1.2 болон нэмэгдсэнийг түрээслэгч нартаа мэдэгдэж, төлж чадахгүй бол “зай болоорой” гэжээ. Худалдаачид шаардлагын дагуу нэмсэн төлбөр болон зөрүүг маргаашийн дотор төлөх ёстой. Харин төлөөгүй бол энэ сарын 8-ны 20.00 цаг гэхэд түрээсийн байрыг чөлөөлсөн байх үүрэгтэй. Эс бөгөөс Дүнжингарав худалдааны төвийн зүгээс албадан чөлөөлж, лангуугаа хурааж авна. Ийм утгатай мэдэгдэх хуудсыг түрээслэгч нарт тарааж, эзэн юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийг харуулаад байна.
Дүнжингарав худалдааны төвийнхөн түрээслэгч нарыг дуудаж байсан цаг саяхан. Хямд үнэ, баталгаатай ажлын байр гэхчлэнгээр уриалгахан нь аргагүй тосч авч байсан хүмүүс өнөөдөр ийн хатуурхах болсон нь “шарх”-аа нөхөх гэсэн арга нь гэж харах хүмүүс ч цөөнгүй байна.
Иргэдийн худалдан авах чадвар муудаж, худалдаачдын орлого тэг заасан энэ үед Дүнжингарав худалдааны төвийн гэнэтийн энэ нэмэгдэл цөөнгүй түрээслэгчийг гудамжинд гаргаж болзошгүй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ